Баяр болгоноор нийслэлчүүдийг нэг л зүйл зовоодог. Тэр нь мэдээж замын түгжрэл. Ялангуяа цагаан сарын баяраар ахмад настнууддаа золгох гэж гэр хорооллыг зорьсон хүмүүс өдрийн хагасыг замын түгжрэлд өнгөрөөнө гэдэг тэвчээр барсан хэрэг байдаг. Харин энэ жилийн хувьд сар шинийн өдрүүдэд автозамын түгжрэл харьцангуй бага, зохицуулалт маш сайн байна гэж айлчин гийчин болгон ам нэгтэй магтаж байна. Уулзвар бүрт замын зохицуулагч залуус зогсож, ачаалал ихтэй урсгалыг түрүүлж нэвтрүүлэх, хөдөлгөөнд саад учруулж буй газруудад хүч нэмэгдүүлэн ажиллаж байлаа. Ийнхүү Замын цагдаагийн албаныхан болон Хууль сахиулахын их сургууль (ХСИС)-ийн оюутнууд сар шинийн өдрүүдийг амрах завгүй үдлээ.
18 ЖИЛ ШИНИЙН 1-НД ЗОЛГОЖ АМЖААГҮЙ ЦАГДАА
…Сүүлийн 18 жил шинийн нэгэнд ээж, аавдаа золгосонгүй. Ээж, аавдаа мэнд хүргэе. Шинийн 3-ндаа амжиж очноо хүү нь… Замын цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч М.Нармандахын энэ үг Замын цагдаагийн нийт албан хаагчдын ажлын онцлог, ачааллын илэрхийлэл байлаа.
Зам түгжрэлгүй, хүмүүс бухимдалгүй, хот амгалан байхын төлөө 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Цагаан сарын шинийн 1-ний өдөр нийслэл хотод замын ачаалал их байсан бол шинийн 2-ны өдөр хотоос хөдөөг зоригсдын тоо эрс өссөн. Харин шинийн 3-нд хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн.
Баярын өдрүүдэд автозамын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих эрх олгож, торгууль шийтгэл ногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь нүдээ олсон юм. Зөвхөн нийтийн тээврийн унаа зорчдог нэгдүгээр эгнээг зорчигчдод зориулснаар замын ачаалал их хэмжээгээр буурч, иргэд ч талархаж байлаа.
СОГТУУ ЖОЛООЧ ОСЛЫН ГАЗРААС ЗУГТАХЫГ ОРОЛДЖЭЭ
Сар шинийн өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ золгохоор Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих хөдөлгөөн эрс нэмэгджээ. Хөдөөгийн замд зорчих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил олонтаа гарсныг Замын цагдаагийнхан онцолж байлаа.
Цагаан сарын үеэр хар мөр татуулсан осол аваар цөөнгүй гарсан. Улаанбаатар хотын хувьд осол зөрчлийн улмаас бага насны хүүхэд багачууд бэртэж гэмтсэн тохиолдол хэд хэд гарсныг цагдаа нар харамсан өгүүлж байна. Сар шинийн золгуут хийх гэж хүүхдүүдээ авч явахдаа хамгаалалтын бүс хэрэглэхгүй, зориулалтын суудалд суулгадаггүйгээс болж, нэг өдөр 3-4 хүүхэд бэртэж гэмтжээ. Таван сартайгаас есөн настай хүүхдүүд ослын үеэр гэмтжээ.
Зам түгжрэлгүй, хүмүүс бухимдалгүй, хот амгалан байхын төлөө 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Битүүний өдөр Дарханы замд нэгэн ноцтой осол гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарсан юм. "Урьхан" зоогийн газраас цааш Дaрханы чиглэлд таван км-ын зайд "Майти" маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас "Corolla" маркийн автомашинтай мөргөлдөн, хоёр хүүхэдтэйгээ зорчиж явсан хосууд амиа алджээ. "Майти"-ны жолооч согтуугаар жолоо барьж, аюултай осол гаргасан төдийгүй хэргийн газраас зугтах оролдлого хийснийг Замын цагдаа нар хугацаа алдалгүй илрүүлсэн байна.
Ийнхүү хот, хөдөөгийн алинд ч хүмүүний амь нас, эрүүл мэндийг аюул ослоос сэргийлэх, гарсан хэрэг зөрчлийг илрүүлэх үйлсэд амрах завгүй зүтгэсэн Замын цагдаа нарт талархах ч багадам.
Д.ЦЭЭНЭ