Шүүхэд мэргэшсэн шинжээч үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Шүүхэд мэргэшсэн шинжээч үгүйлэгдэж байна

Нууж, хайцаалж явсаар нэг л өдөр туйлдаа хүрэхийн эрхэнд тэсэрдэг аажим явцтай хэрнээ аюултай гэмт хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл. Ил бус далд хэлбэрээр даамжирдаг ужиг өвчин мэт эцэстээ хэн нэгний амь насанд аюул занал учруулсан хойно нийгэмд ил болох нь элбэг. Үүнд монгол хүний “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо” гэх нэр хичээмтгий, бусдад муугаа үзүүлэх дургүй зан ч бас нөлөөлж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон иргэдийн дийлэнх нь охид, эмэгтэйчүүд. Гэхдээ хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1300 хүний 830 нь эмэгтэй тэр дундаа айлын гэргий байжээ. Харин 229 нь хамтран амьдрагч, нөхөр 74, хүүхэд 73, хадам эцэг, эх 20 байна. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл хэнийг ч ялгадаггүй болох нь харагдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүний тоо 2010 оноос хойш 94-т хүрээд байна. Нэр нүүрээ бодож, нууж хаацайлж явсны төлөөсөнд 100 орчим хүн амь насаа алдаж. Энэ бол цөөхөн монголчуудын хувьд бага тоо биш. Хамгийн харамсалтай нь энэ мэтээр нэрээ хичээж, хүчирхийллийн золиос болж байгаа мянга, мянган хохирогчид хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлж, толгойг нь илсээр байгааг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийг дангаар нь баталсан учир дагаж гарах ёстой журмуудыг цаг алдалгүй батлах учиртайг хууль, хяналтынхан анхааруулж байна. Хохирогчийг хамгаалах, нэг цэгийн үйлчилгээ, хүчирхийлэгчид авах арга хэмжээ гэх мэт олон давуу талтай сайн хууль болсон гэж тэд хуульд ам сайтай байгаа. Гэсэн ч манай улсад энэ төрлийн хэрэг маргааныг илрүүлэх, илэрсэн хэргийг шүүх туршлага дутмаг талаар саяхан болж өнгөрсөн "Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

Гэр бүлийн хүчирхийлэл шинэ биш боловч, гэр бүлийн хүчирхийллийг тусад нь гэмт хэрэг болгон авч үзэж байгаа хууль нь шинэ. Тиймээс ч гадаад улс орнуудын энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэдэг туршлагаас судлах, суралцах зүйл бидэнд их байна. Гадны орнуудын туршлагаас үзэхэд гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх, гэр бүлийн хэргийн шүүхийн танхим байгуулсан байдаг байна. Тухайлбал Япон улс 1949 оноос, Өмнөд Солонгос Улс 1963 оноос гэр бүлийн шүүх байгуулжээ. Харин Монголд гэр бүлийн хэрэг маргаанаар дагнасан шүүх байгуулах шаардлага бий юу гэх асуултад хуульч, судлаач Л.Галбаатар “Манай улсын хувьд гэр бүлийн маргааны асуудлаар мэргэшсэн шинжээч, зөвлөхүүд байхгүй. Тиймээс ч энэ төрлийн хэрэг маргааныг шүүгч дангаараа шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа. Гэр бүлийн маргааныг шийдэхэд шүүгч дангаараа шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Иймээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд сэтгэл зүйч, эрх зүйч, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлуудаар мэргэшсэн шинжээч, мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлагатай байдаг. Монголд гэр бүлийн шүүх байгуулах эдийн засгийн боломж, бололцоо нь одоогоор алга. Гэхдээ гэр бүлийн хэрэг маргаанаар шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шинжээч нарыг цаашид нарийн мэргэшүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна” гэлээ. Түүний хэлж байгаагаар “Хэрэв гэр бүлийн маргааныг шүүгч дур мэдэн шийдвэрлэх юм бол тухайн гэр бүлд ямар нэгэн байдлаар хохирол учрах эрсдэл бий. Тиймээс энэ төрлийн маргааныг шүүхийн тулд тусгай шинжээч нарыг уг хэрэг дээр ажиллуулан хэргийн гол мөн чанарыг үнэн зөв, бодитойгоор олж тогтоох шаардлагатай гэж ойлгож болно” гэлээ.

Мөн одоо мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нэг онцлог заалт нь гомдол гаргасан хүн хэргийг хэрэгсэхгүй болгох эрхгүй болсон. Тодруулбал хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол тухайн этгээд заавал шүүхээр шийдүүлэх ёстой болсон. Иймээс тухайн хэрэг дээр ажиллах мэргэшсэн шүүгч, шинжээч, зөвлөхүүд нэн тэргүүнд шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Нийгмийн салаа мөчир, нэгэн чухал эд эс бол гэр бүл. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл энэ нийгмийн хамгийн чухал асуудал. Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд нийтээрээ гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэгчид тохирсон ял зэмийг оноохын тулд шүүгч, шүүхийн шинжээч нарыг гэр бүлийн хэрэг маргаанаар мэргэшүүлэх шаардлага урган гарчээ.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж