Алтан унжлагат хэмээх тодотголтой гал тахиа жилээ угтан авлаа. Энэ жил дэлхийн эдийн засаг алтаар унжих болов уу гэсэн асуултад үгүй л болов уу гэсэн хариултыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд өгч байна.
2017 он гарахын өмнөхөн Дэлхийн банк өмнө хийж байсан өөдрөг төсөөлөө бууруулж байгаагаа зарласан. Дэлхийн банкны шинэ тооцоогоор энэ 2017 онд дэлхийн эдийн засаг 2,7 хувь, ирэх 2018 онд 2,9 хувь өсөх ажээ. Өмнө нь Дэлхийн банк 2017 оны өсөлтийг 2,8, 2018 оныхыг гурван хувь гэж тооцоолж байсан юм.
Өнгөрсөн 2016 онд дэлхийн худалдааны эргэлт царцанги байдалд орж, хөрөнгө оруулалт бууран, улс төрийн нөхцөл байдлын улмаас тодорхойгүй байдал үүссэн зэргээс үүдэн ийнхүү төсөөллийг бууруулжээ.
Гэвч энэ төсөөлөл хэр бодитой байх нь хэд хэдэн хүчин зүйл, үйл явдлын өрнөлөөс хамаарна гэж үзэж байна. Нэн ялангуяа Исламын улс бүлэглэлийн эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаа, Украин болон Крымийн асуудлаас үүдэн ОХУ-д тавигдсан хориг, энэ хоригт үзүүлсэн оросуудын хариу үйлдлээс хамаарна. Энэ хоёр үйл явдал дэлхий нийтийн худалдааны эргэлтийг бууруулсан гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
Санхүүгийн нэр хүндтэй Forbes сэтгүүлийн шинжээчид ч Дэлхийн банкны 2,8 хувийн өсөлттэй санал нэг байгаа юм. Тэдний үзэж байгаагаар хэд хэдэн эдийн засаг, тухайлбал,АНУ /2,5-3 хувь/, Европын холбоо / 1,9 хувь/, Хятадын /7 хувь/ эдийн засаг өсөх ажээ. Харин энэ 2017 онд өсөхгүй, эсрэгээр буурч мэдэх эдийн засаг гэвэл уул уурхайгаас хамааралтай орнууд ажээ. Forbes-ийн мэдээлэлд эдийн засаг нь ашигт малтмалын олборлолтоос хамааралтай эдийн засаг хэмээн ОХУ, Венесуэл, Бразилийг нэрлэсэн байгаа бөгөөд үүнд Монгол улс ч бас хамаарах нь ойлгомжтой.
Дэлхийн банкны энэ оны төсөөлөлд бас нэг муу мэдээ байгаа нь энэ тахиа жилд 46 нэр төрлийн түүхий эдийн 38-ынх нь үнэ буурна гэжээ. Энэ нь түүхий эдийн нийлүүлэлтийн салбарт шинээр түрэн орж ирсэн улсуудын олборлолт буурахгүйтэй холбоотой. Эдгээр улсын олборлолтын хүчин чадал сүүлийн 10 жил энэ салбарын эрэлтийг хангаж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан гэсэн үг.
Citigroup-ийн шинжээчдийн үзэж байгаагаар түүхийн эдийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн баланс тогтворжиход дахиад 2-3 жил хэрэгтэй ажээ.
Түүхий эдийн үнэ унаж байгаа гол шалтгаан бол сүүлийн жилүүдэд байгалийн баялгийн хамгийн том хэрэглэгч байсан Хятадын зах зээлийн эрэлт буурсантай холбоотой. Энэ нь Хятадын дотоодын зах зээл дэх барилга үйлдвэрлэл буурсан, хөрөнгө оруулалт буурсан, зээл олголт буурсан гэсэн хүчин зүйлээс үүдэлтэй юм. Шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдан Хятадын удирдагчид экспорт, хөрөнгө оруулалтад суурилж байсан эдийн засгийн загвараа дотоодын эрэлт, нийлүүлэлтэд суурилсан загвар болгон өөрчлөхийг оролдож эхэллээ.
Ерөнхийдөө огцом, эрчимтэй өсөлтийн үе өнгөрсөн гэдэгтэй олон шинжээч санал нийлж байна.
Энэ онд газрын тос, металл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ихээхэн унана гэж тооцоолж байна. Ялангуяа газрын тосны үнэ нэг баррель нь 50 ам.доллараас дээшээ гарахгүй гэжээ. Өнгөрсөн 2016 онд эрчим хүчний эх үүсвэрийн түүхий эдийн үнэ 3,7 хувиар унасныг статистик харуулж байна. Металлын үнэ дунджаар 10 орчим хувь унана гэж тооцоолсоны дотор, никель, хөнгөн цагаан, зэсийн үнэ буурна гэжээ. Харин эрчим хүчний хямд эх үүсвэр хангалттай бий болсон, мөн био түлш нэвтэрч байгаа зэрэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулна гэж төсөөлж байгаа юм байна.
Гал тахиа жил хамгийн өсөлттэй байх эдийн засаг нь Энэтхэгийнх байх болно гэж хэд хэдэн шинжээч байр сууриа илэрхийлжээ. Хүлээгдэж байгаа үзүүлэлтээр, 2016 онд Энэтхэгийн эдийн засаг 7,3 хувиар өсөх ажээ. Ингэснээр Энэтхэг хөрш Хятадтай өрсөлдөхүйц хэмжээнд очиж байгаа юм. Энэтхэгийн эдийн засгийн онцлог давуу талууд ийм өсөлтийн суурийг тавьж байгаа юм. Тухайлбал, сүүлийн арван жилийн турш Энэтхэгийн хөдөлмөрийн насны хүн амын тоо Хятадаас илүү гарах болсон. Үүнээс гадна Хятадтай харьцуулахад Энэтхэгт хөрөнгө оруулалтын таатай орчин, бизнес хөгжүүлэх боломж илүү байгаа.
Бэлтгэсэн А.ТУЛГА