Хятад улс өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон нь Пхеньяныг тэвдүүлжээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Кил Сун мягмар гаригт /2017.02.08/ Бээжинд айлчилж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан байна. Тэд нүүрсний импортыг сэргээх талаар ярилцсан нь тодорхой боловч Бээжингийн тал “Хоёр орны харилцааны асуудлыг хэлэлцлээ” гэж мэдээлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газраас Хойд Солонгосыг баллистик пуужингийн туршилт хийсний хариуд Пхеньянд шахалт үзүүлэх зорилгоор нүүрсний импортыг зогсоосон гэж мэдээлсэн байна. Гэхдээ Пхеньяны удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-нам бусдад хорлогдсоны дараа Хятад Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон нь анхаарал татаж байгаа аж.
Хойд Солонгосоос “дүрвэж”, гадаадад олон жил амьдарсан Ким Жун-намыг 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Малайзаас Макао руу нисэхээр Куала Лумпурын нисэх буудалд байхад нь үл таних эмэгтэй нүүр рүү нь химийн хорт бодис цацаж, хордуулсан гэх мэдээлэл бий. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Одоогоор Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт Индонез, Вьетнам улсын иргэд болох хоёр эмэгтэйг яллаж, Хойд Солонгосын дөрвөн иргэнийг эрэн сурвалжилж байна. АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Ким Жун-намыг хөнөөсөн аллагыг Хойд Солонгосын нууц ажилтнууд зохион байгуулсан гэж мэдээлж байгаа.
Ким Жун-намын аминд хүрсэн гэх химийн хорт бодис нь НҮБ-аас хориглосон үй олноор хөнөөх зэвсэгт багтдаг аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ким Жун-нам нь сүүлийн жилүүдэд Хойд Солонгосоос дүрвэгсэдтэй холбоо тогтоож, Пхеньяны гадна “дүрвэгсдийн Засгийн газар” байгуулахаар ажиллаж эхэлсэн гэх. Удаан хугацаанд нам жим амьдарсан Ким Жун-нам саяхан Хойд Солонгосын үе залгамжилсан засаглалын системийг шүүмжилсэн үг хэлсэн гэх мэдээлэл ч мөн цацагдаж байгаа билээ.
Хятад нь Хойд Солонгосын худалдааны хамгийн том хамтрагч бөгөөд донор орон юм.
Хятад улс өнгөрсөн жил Хойд Солонгосоос 1,18 тэрбум ам.долларын нүүрс импортолжээ. Хойд Солонгосын экспортын дийлэнх хувийг нүүрс бүрдүүлдэг ба Хятадад нүүрс гаргах нь тус улсын хэврэг эдийн засгийг тэтгэдэг гол хүчин зүйл нь болдог ажээ.
Бээжин бүс нутгийн зөрчлийг намжаахын тулд АНУ болон Хойд Солонгосын хоорондох удаан хугацааны яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр хичээж байгаа бололтой. Хятадын төрийн зөвлөх Ян Жэйчи мягмар гаригт Вашингтонд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцжээ. Ян Жэйчи нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш АНУ-д айлчилсан Хятадын төрийн өндөр албан тушаалтан юм.