“Силикат” компани нэмэлт хувьцаа гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

“Силикат” компани нэмэлт хувьцаа гаргалаа

Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Силикат” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргаж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Компанийн нийт хувьцааны 35 хувь буюу 16 сая 222.300 ширхэг хувьцааг ширхгийг нь 225 төгрөгөөр үнэлжээ. Нийтдээ 3 тэрбум 650 сая төгрөгийг нэмэлт хувьцаагаар босгох юм байна.
“Силикат” компани нь 1966 онд Тоосго, шохойн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдаж байсан, 1992-1998 онд үйл ажиллагаа нь тасалдаж, бүрэн зогссон байсан ч 2006 оноос дахин ажиллаж эхэлсэн байна. “Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд хаалттай болох сонирхол их байсан бол одоо нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох сонирхол нь нэмэгдэж байна. “Силикат” компани үүний нэг жишээ. Цаашид нэмж хувьцаа гаргах болон шинээр хувьцаа гаргах компаниудын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн Хөрөнгийн биржийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Өмч хувьчлалын үеэр хувьчлагдсан компаниудаас сүүлийн жилүүдэд нэмэлт хувьцаа гаргах замаар үйл ажиллагааныхаа санхүүжилтийг босгож байгаа анхны тохиолдол нь “Силикат” юм байна.
Нэмэлт хувьцааны андеррайтерийг “Би Ди СЕК” компани хийжээ. Нэмж гаргаж байгаа хувьцааных нь 80 хувийг томоохон хөрөнгө оруулалтын байгууллагууд авах бол 20 хувийг Хөрөнгийн биржээр дамжин жижиг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа аж. Хонконг, АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд хувьцааг нь худалдан авах саналаа ирүүлсэн байна. Наймдугаар сарын нэгнээс тавны хооронд захиалга аваад наймдугаар сарын еснөөс арилжаа эхэлнэ.
“Силикат” компани нь шохой болон хөнгөн бетон блок үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Содбилэг “Хувьцаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийхэд зарцуулна. Манай бүтээгдэхүүн шилдэг технологиор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл хангалттай бий. Монгол улсын шохойны жилийн хэрэглээ 150 мянган тонн байдаг. Одоо бид 10 хувийг хангаж байгаа бол өргөтгөл хийгээд 30 хувийг хангадаг болно. Бидний тооцоогоор жилийн борлуулалтын орлого 6 тэрбум төгрөг байхаас 30-40 хувь нь цэвэр ашиг байгаа. Тэгэхээр манай хувьцаа эзэмшигчид 30-40 хувийн ногдол ашиг авах боломжтой юм” хэмээн танилцуулсан юм.

С. Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж