Шинэ аварга Кисэносато барууны хоёрт бичигджээ

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Шинэ аварга Кисэносато барууны хоёрт бичигджээ

КИСЭНОСАТОГИЙН ШИНЭ ЦОЛТОЙ БАРИЛДАХ АНХНЫ БАШЁ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх долоо хоногийн ням гаригт буюу гуравдугаар сарын 12-ны өдөр Осака хотноо эхэлнэ.

Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд Кисэносато түрүүлж, япончууд 19 жилийн шинэ аваргатай болсон нь сүмогийн ертөнц дэх нэгэн дуулиан болсон билээ. Тиймээс шинэ банцүкэ олны анхааралд байв. Шинэ чансаагаар их аварга Хакүхо  нийт бөхчүүдийг буюу зүүний магнайг тэргүүлж байгаа бол шинэ аварга Кисэносато аваргуудын хамгийн дор буюу баруун жигүүрийн хоёрт бичигджээ.

Шинэ аварга Кисэносато даваа гаригт /2017.02.27/ болсон хэвлэлийн хурлын үеэр “Аварга болсны дараа болж буй эхний тэмцээн учраас хичээж байна. Банцүкэг хараад баярлаж байгаа ч хариуцлага ирж байгаа гэдгийг мартаж болохгүй. Аварга болсон эхний долоо хоногоос эхлээд надад улам сайн хичээх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн. Ирэх тэмцээнд түрүүлэхийн төлөө барилдах болно” хэмээн ярьжээ.  Энэ тэмцээн Кисэносатогийн хувьд шинэ цолтой барилдаж буй анхны башё. Тиймээс түүний хувьд түрүүлэхийн тулд бүх боломжоо дайчлахаа амлаж байна.

Өмнөх башёг бэртлийн улмаас өнжсөн Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аваргууд энэ башёд барилдана. Тиймээс Кисэносатод гуравдугаар сарын башёд түрүүлэхэд амаргүй байх нь мэдээж. 

Дээд зиндаанд аваргуудаас гадна озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил, Таканойва А.Баасандорж нарын Монголын есөн бөх барилдана. Мөн жюүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нар хүч үзнэ.

СҮМОЧДЫН ФОТО АГШИН:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж