Жаврын үзүүр уярч, хаврын урь орон малчны хот “өнгө” засчээ. Цэвэр цэмцгэр хашаа хороо, уяан дээр үүрсэх адуу, хүүхдүүдийн цангинасан инээд. Энэ бол Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Г.Шагдар гуайн хот. Тэдний гадаа тэмээнээс бусад дөрвөн хошуу мал тааваараа идээшилж харагдана. Тэрбээр Төв аймгаас тодорсон долоон улсын аварга малчны нэг. Тэртээ 1996 онд мянгат малчин болж байсан Г.Шагдар гуай энэ жил “Улсын аварга малчин” болсон юм.
Г.Шагдар гуай 3 хүү, 2 охинтой бөгөөд хүүхдүүд нь бүгд мал малладгаас гадна тэрбээр таван залуу малчныг малжуулснаас зарим нь мянгат малчин болжээ. Тэрбээр малчид тэр дундаа залуу малчид хариуцлагатай байх ёстой гэж үргэлж захидаг. Харин хариуцлага энгийн зүйлээс эхэлдэг бөгөөд тэр нь малаа эрүүлжүүлж, үүлдэр угсааг нь байнга сайжруулдаг байх дадал гэсэн юм.
“Малын буян ч ээ дээ мөн их шүү” гэж ярих энэ буурай 40 гаруй мал маллажээ. Амьдралынхаа талаас илүүг мал маллаж өнгөрөөсөн Г.Шагдар гуай төрсөн өөрийн нутаг ус, тэнгэр хангайн буянаар өдий зэрэгтэй явна гэж ярив.
Хахир өвөл ард хоцорч, ирж яваа цагийн өнгө гэрэл хөдөө нутагт цогцлохуйд үеэр төлийн дуу цангинасан малчны хот амгалан байна.
Ц.АРИУНБОЛД