Тэтгэврийн нас ба улс төр

Хуучирсан мэдээ: 2017.03.01-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн нас ба улс төр

ОУВС-гийн зээлд хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татварыг нэмэх, мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж, эрэгтэй 65, эмэгтэй, 60 настай болгох асуудал яригдаж байгаа. Тэтгэврийн насыг нэмэхдээ шууд тав, таван жилээр нэмчихгүй. Жил бүр зургаа, зургаан сараар нэмэгдүүлэх бодлого браьж байгаа аж.

ОУВС-гийн төлөөлөгчидтэй хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал мэдээж олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь манай нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгээрийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Хоёр үндсэн шалтгаан байгаагийн нэгт монголчуудын дундаж насжилт уртасч байна. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэтгэврийн насыг өсгөх асуудал өнөөдөр гэнэт бий болсон асуудал биш. Өмнө нь Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхад үед ч тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байсан юм. Тэтгэврийн даатгалын санд 8.8 их наяд төгрөг хуримтлагдах шаардлагатай. Гэвч уг дансанд мөнгө байхгүй аж. Шимтгэлийн мөнгө улсын төсөвт орж, зардал нөхдөг байсан. Тиймээс хуулийг шинэчлэхэд хүрээд буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх шаардлага тулгараад байгаа аж.

Тэгвэл тухайн үед энэ асуудлаар МАН-ынхан ийм байр суурь илэрхийлж байжээ.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр уг асуудлын талаар  тухайн үед өөрийн фейсбүүк хуудсаараа ийнхүү мэдэгдэж байсан юм. Тэрбээр "Тэтгэвэрт гарах насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгох санаачилгыг С.Эрдэнэ сайд гарган Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлж байх юм. Монгол эр хүний дундаж нас 65 байхад энэ одоо хэнийг доромжилном бэ?! Насаараа, залуу халуун насандаа нийгмийн даатгал төлж, төлчхөөд буцааж хүртсэн ч юм байхгүй Үх гэж байгаа юм уу. Энэ ямар "Үхлийн татвар" уу? Ахмадуудаа тэтгэвэрт гаргахгүй шар махтай нь хатаах, залуустаа ажлын байр гаргахгүй "шавар хаалгах" нь яав ч эрүүл бодлого биш ээ. Нийгмийн даатгалын тэтгэврийн сан ингэвэл "дээрэм"-ээс ялгаагүй болж иргэд нийгмийн даатгал төлөхөөсөө хадгаламждаа хэдэн төгрөгөө хийсэн нь илүү хожоотой болно" гэж байлаа.

Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт тайлбарлахдаа "Тэтгэврийн нас нэмэх гэж байгааг нийгэмд хүлээж авах сэтгэл зүй байна уу, үгүй, юу. Байхгүй шүү дээ. Бид цаг үеэ мэдрэх ёстой. Хэрэгжихгүй тунхгийн шинж чанартай, хөрсөнд буугаагүй, агаарт явж байгаа бодлогыг батлах ямар шаардлагатай юм бэ. Өнөөдөртөө бодлого бол тулгамдсан асуудал биш. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж ахмад настны тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж болохгүй биз дээ” гэж байв.

Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар тэтгэврийн насыг нэмэхээр болсон талаар АН-ын бүлэг сар шинийн өмнө байр сууриа илэрхийлэхдээ “АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Гэтэл одоо хэрэгжих хөтөлбөрт тэтгэврийн насыг өсгөх асуудал туссан нь МАН-ын үйлдэл өнөөдөр 180 градус эргэж байна” гэжээ. Ийнхүү сөрөг хүчин байхдаа Ардчилсан намын бодлого болгоныг бойкотолж байсан МАН-ынхан одоо л үнэнд гүйцэгдэж байх шиг байна.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж