АТГ-ын баривчилгаа тойрсон байр суурь

Хуучирсан мэдээ: 2017.03.01-нд нийтлэгдсэн

АТГ-ын баривчилгаа тойрсон байр суурь

-Тэднийг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гаригт дуусна-

“Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нары сар шинийн өмнөг АТГ-аас баривчилж, сар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай. Тэгвэл тэднийг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гаригт дуусна. 

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

Тэднийг баривчилсантай холбоотойгоор Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан билээ. Уг мэдэгдэлд “Ардчилсан намын нэр хүндийг гутаах замаар улс төрийн ашиг хонжоо хайж, хууль бус үйлдэлээ хаацайлах зорилгоор Улсын Их Хуралд олонхи болсон эрх баригчид Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарах боллоо. Түүнчлэн нэр бүхий гишүүдийг үндэслэлгүй шалтгаанаар хууль бусаар баривчилж, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагааг улс төрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намаас дараахь мэдэгдлийг гаргаж байна. Төрт ёсны уламжлалт баяр сар шинийн баярын өмнөхөн ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт /EFF/ хамрагдаж олон төрлийн татваруудыг нэмэгдүүлж, ард иргэдийн нуруун дээр хэрээс хэтэрсэн ачаа үүрүүлж, Монгол орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг бодитоор үнэлэхгүйгээр, дампууруулсан бусармаг үйлдлээ нуун далдлахын тулд ардчилсан намын нэр бүхий гишүүдийг байцаах нэрийн дор шүүхийн тогтоол шийдвэргүй, өмгөөлөгчийг нь байлцуулалгүй баривчилж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж эхэллээ. Хэрэв Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан шалгаж байгаа бол тус банкнаас зээл авсан бүх зээлдэгч нарыг улс төрийн үзэл бодол, нам харгалзахгүйгээр шалгаж, шудрага байхыг шаардаж байна” гэсэн бий.

АТГ-ын баривчилгааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн бага хурлаар хийсэн юм

Тэгвэл бондын асуудлаар цагдан хоригдож байгаа тэд өмнө нь ямар байр суурийг илэрхийлж байв аа.

Н.Батбаяр: Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа. Хууль зүйн яамнаас байгуулсан Ажлын хэсэг оны өмнө 1.3 их наяд төгрөг Хөгжлийн банкнаас сох дутжээ гэж зарласан. Энэ бол үнэнд үл нийцнэ. Ажлын хэсгийн дүгнэлт бол улс төрийн зохиол. Тэр 1.3 их наяд төгрөг зүгээр л жагсаалт байсан шүү дээ.


Б.Гарамгайбаатар: Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг. Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж