Нүүрсний салбар сэргэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.03.01-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбар сэргэв үү?

Тавантолгойг тойрсон улс төрийн зодоон Монголын нүүрсний салбарт хямрал авчирсан юм. Ялангуяа экспортын төмөр замгүй байгаа Монголын нүүрсний үнийг хямдхан худалдаж авах шалтгаан болсоор байгаа. Хэдийгээр өнгөрсөн нэгдүгээр сараас нүүрсний салбарт таатай боломж гарч ирсэн нь “Эрдэнэс Тавантолгой”-н баруун Цанхийн нүүрсний уурхайн аман дээрээс нь тонн тутамдаа 71.5 ам.доллараар зарахаар болсон ч хэрэвзээ Тавюантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсан бол үүнээс ч илүү үнээр нүүрсээ зарах боломжтой гэсэн шүүмжлэл ч гарсаар буй.

 Гэхдээ Монгол Улсын нүүрс үнс болж, компаниуд уурхай аман дээрээсээ 25-хан доллараар зарж байснаа бодвол нүүрсний салбарт бага зэргийн сэргэлт ажиглагдаж байна.

Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв

Нэгдүгээр сард Монгол Улс , 5427.1 мянган тонн нүүрс олборлож, 2630.6 мянган тонныг нь экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нүүрсний олборлолт 141.8 хувь, борлуулалт 173 хувь, экспорт 126.7 хувиар өссөн үзүүлэлт гэж Уул уурхай, газрын тосны албан ёсны mrpam.gov.mn сайтад мэдээлжээ.

1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлоно

Монгол Улс энэ онд 1,1 сая тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэйгээс 2017 оны хоёрдугаар сарын 22 ны байдлаар 150,2 мянган тонн түүхий тос олборлож, 147,4 мянган тонн тос экспортод гаргажээ.

Шатахууны 46 хоногийн нөөцтэй байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 76, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 47, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

1,6 сая гектар талбайг тусгай зөвшөөрөл олгоно

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог. Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8,6 сая гектар талбайн солбицолыг тогтоож нийтэд мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар тогтоолоор 1,61 сая гектар талбайг нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болжээ.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж