Хаврын хавсарга өвлийн жавраас аюултай

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Хаврын хавсарга өвлийн жавраас аюултай

-Цаг агаар дулаарч, цас мөс хайлж эхэлснийг сануулав-

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээллээс харахад Монгол орны нийт нутгаар цаг агаар дулаарч, нэмэх хэмд шилжжээ. Шөнөдөө зарим газраар 8-13 хэм хүрч хүйтрэх боловч  өдөртөө нэмэх хэмийг зааж байна. Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээнд ч “Маргааш өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна” гэжээ.

МӨС ЦӨМРӨХ АЮУЛТАЙГ АНХААРУУЛЛАА
 

Монгол орон даяар хүйтний эрч суларч,  гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн мөсөн дээгүүр мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг сануулав.

Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах аюул байгааг анхаарч,  болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.  Хөдөө орон нутгийн хүүхдүүд улирлын амралт нь хараахан дуусаагүй байгаа.  Тиймээс амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг  санууллаа.

“ЖИЛИЙН ЭХЭЭР САЛХИ МАШ ИХ” ГЭЖ ЗУРХАЙД  БУУЖЭЭ
 

“Хаврын хавсарга хавирга нэвт” гэж өвгөд сургадаг. Хүмүүс хаврын урь орохтой зэрэгцэн хөнгөн нимгэн хувцаслаж, өглөөний дулаанд хууртан үдэш жинддэгээс хаврын улиралд өвдөх нь элбэгшдэгийг ч эмч нар баталж байна. Тиймээс  өвлийн жавраас дутахгүй хаврын салхи, шуурганаас сэрэмжлэхийг мэргэжилтнүүд сануулж байна.

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн зурхайн зурлагад ч “Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн саруудад хур тунадас багатай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг болой” хэмээн дурдсан нь бий. Тиймээс салхи шуурганаас сэрэмжлэхэд илүүдэхгүй нь.

Салхи 15 м/с-ээс хүчтэй салхилах тохиолдол жил бүр 3-5 удаа, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Цаг уурчдын ажигласнаар сaлхины  хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с хүрч байсан бол  2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч,  онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ.

МАРТ ХҮРТЭЛ ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?


 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан гуравдугаар сарын 3-7-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя. 

Гуравдугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-6-нд  нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах аж.

Гуравдугаар сарын 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх аж. Харин гуравдугаар сарын 6-наас нутгийн баруун хагаст хүйтний эрч суларах төлөвтэй байна. 

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж