ШИНЭ НЭР: Д.Нацагдорж ба Ц.Цэрэндорж

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР: Д.Нацагдорж ба Ц.Цэрэндорж

News агентлаг залуусын амжилтыг дэмжих “Шинэ нэр” булангийн ээлжит зочноо урилаа. Энэ удаагийн зочноор Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж уригдлаа. Тэрбээр хүүхдийн олон бүтээлийн гол дүрийг бүтээснээс гадна “Мял богдын намтар” жүжгийн Мял богд, “Монгол ардын суут” жүжгийн Д.Нацагдоржийн дүрийг бүтээгээд байна. Тэрбээр “Гэгээн муза” наадмаас 2013 онд туслах эрэгтэй дүр, 2016 онд гол дүрийн шагналыг хүртэж байсан юм. Ингээд залуу жүжигчин Ц.Цэрэндоржийг танилцуулж байна.

Төгссөн сургууль: Кино урлагийн дээд сургууль

Мэргэжил: Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил: Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин

Амжилт: “Гэгээн муза 2013” туслах эрэгтэй дүр, “Гэгээн муза 2016” шилдэг эрэгтэй дүр


ЯАГААД ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ?

Уугуул нутаг маань Өвөрхангай аймгийн Хужирт сум. Намайг бага байхад манайх Говьсүмбэрт очиж, суурьшсан. Тэр үед дөрөвдүгээр ангийн хүүхэд байсан юм. Улаанбаатараас Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ирж тоглолт хийж байлаа. Тухайн үед ямар нэртэй жүжиг байсныг санадаггүй ч тахиатай үзүүлбэр байсан. Олон уран бүтээлч ах, эгч нарын тоглолтыг үзээд жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн дөө. Би уран зохиолын ном унших дуртай хүүхэд байсан. Биднийг бага байхад сургууль дээр номын арав хоног гэж болдог байлаа. Дөрөвдүгээр ангийн хүүхэд “Их тэнгэрийн дүлий” зохиолоор зохиомж бэлдэж, би өвгөний дүрд тоглож байсан юм. Үүний дараа хотоос Хүүхэлдэйн театрын жүжигчид ирсэн болохоор улам их урамшсан байх. Тэр үеэыс жүжигчин болох гараа минь эхэлсэн. 2007 онд дунд сургуулиа төгсөөд жүжигчин болохоор суралцаж эхэлсэн дээ.

МЭРГЭЖЛИЙН АНХНЫ БАГШ ТАНЬ ХЭН БЭ?

2011 онд Кино урлагийн дээд сургуулийг Сугарын Болормаа багштай 10 гаруй оюутан төгсөж байлаа. Манай ангийнхан бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Зарим нь орон нутагт ч соёлын үрийг тарьж явна.

ЯАГААД ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТPЫН ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ?

Би хүүхэлдэйн урлагт хайртай. Сургуулиа төгсөөд Хүүхэлдэйн театрын жүжигчин болж байсан. Намайг хүүхэд байхад театрын уран бүтээлчид очиж байсан болохоор сэтгэлд их тод үлдсэн байдаг. Хүүхдийн гэгээн, ариун энерги биднийг үргэлж ивээж байдаг. Хүүхдийн хиргүй тунгалаг, гэгээн цайлган инээд хөөрийг хараад улам эрч хүчтэй болдог доо.

АНХНЫ БҮТЭЭЖ БАЙСАН ТОМ ДҮР?

Хүүхдийн бүтээлийн хувьд маш олон дүр байна. Хүүхэлдэйн театрын жүжигчин болсны дараа орон нутагт бригадаар их явна шүү дээ. “Азарган залаат азарганы тахиа”, “Лусын хааны охид” гээд хүүхдийн олон сайхан жүжгүүд байна. Мэдээж Буратино бол миний  хамгийн анхны том дүр. Хүүхэд бүрийн сэтгэлд тод үлддэг энэ дүрийг анх бүтээж байхад амаргүй байсан ч гэлээ уран бүтээлч бүрийн хийх ёстой ажил шүү дээ. Тиймээс дүр бүхэн, хүүхдэд өгч буй тэр бүтээл бүхэн үнэ цэнэтэй. Энэ бүгдийн ард театрын уран бүтээлчдийн хичээл зүтгэл, сэтгэл явдаг учраас дүр бүхэндээ хайртай. Мөн сүүлийн жилүүдэд театрын бодлогоор насанд хүрэгчдэд зориулсан олон жүжгийг тавьж байна.

МЯЛ БОГДЫН ДҮРИЙН ТУХАЙ СОНИРХУУЛААЧ.

Төвдийн номын сургаалд ухаарья гэвэл “Мял богдын намтар”-ыг унш гэдэг. Энэ жүжигт багш, шавийн харилцааг  харуулдаг. Мял богд багшаа хүндэлж, дээдэлж байсны ач буянаар бурхан шашны том төлөөлөл болж чадсан байдаг. Мэдээж энэ том дүрийг бүтээнэ гэдэг бол амаргүй. Гэхдээ тухайн үед найруулагч М.Ариунтуяа “Чи тоглож чадна” гэдэг итгэл үнэмшлийг өгсөн болохоор бүтээж чадсан. Энэ жүжгийн цомнолыг Ц.Хулан бичиж, төвд хэлнээс П.Бадрал, хятад хэлнээс Д.Болдбаатар орчуулсан. Маш олон хүний хөдөлмөр байсан учраас би дүрдээ орохын тулд их хичээж байлаа. “Мял богдын намтар” маш олон зүйлийг хүнд өгдөг.  Тиймдээ ч энэ бүтээл амар бүтээгүй. Гэхдээ бид “Гэгээн муза 2016” наадмаас шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүрийн шагналыг авч байсан болохоор энэ бүтээлийг амилуулж чадсандаа баяртай байдаг. Саяхан театрын уран бүтээлчид бид сар шинийн баярт зориулсан энэхүү бүтээлээ олон удаа тоглолоо.

Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОХ САНАЛЫГ АВААД ЮУ БОДОГДОЖ БАЙВ?

Ц.Хулан захирал надад их урам зориг өгч “Монгол ардын суут” жүжгийн гол дүрийг санал болгосон. Жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Баатар ажилласан. Түүний удирдлага дор хоёр сар гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн. Энэ дүрийг сайн гаргахын тулд их зохиолчийн тухай маш их зүйлийг уншиж, судалсан. Жүжигт тоглоод явж байхад Д.Нацагдорж бол ер бусын хүн байсныг мэдэрч эхэлсэн. Үнэхээр тухайн цагтаа од мэт гялалзаж явсан тэр хүний амьдралыг судлаад ирэхээр өөрийн эрхгүй О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрлая” шүлэг л санаанд орж байсан.

“ҮХСЭН Ч ГОМДОЛГҮЙ” ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРААД ТАЙЗАН ДЭЭР ГАРСАН ГЭЖ БАЙСАН. ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ?

“Монгол ардын суут” жүжгийн нээлт 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр болсон. Бид хоёр сарын турш энэ жүжигт бэлдэж байсан болохоор хэт их ачаалалтай байсан уу, нээлтийн өмнөх орой гэнэт бие муудсан. Маргааш өглөө нь эмнэлэг дээр очтол “Олгой нь хагарах дөхсөн байна Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй” гэж эмч хэлсэн. Гэтэл орой нь жүжгийн нээлт болох гээд байдаг. Хамт олон минь намайг хорьж байсан ч нээлтийн тоглолтоо заавал хийх ёстой гэж тайзан дээр гарсан. Өвчин намдаах тарианы ачаар жүжгийнхээ нээлтийг амжилттай хийж, орой нь хагалгаанд орсон доо. Тэр үед багшийн минь “Урлагийн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тайзан дээр юу ч болоогүй юм шиг өөрийн дүрээ сайн гаргах ёстой” гэж хэлдэг байсан нь бодогдож байлаа. Мэдээж байнга тусалж, дэмждэг хамт олны минь ач тус юм даа. Энэ театрынхаа ачаар би гэдэг хүн олон түүхэн дүрийг бүтээж явна даа. 

ИНГЭХЭД ТАНЫ ХУВЬД ӨӨРИЙН “ПАГМАДУЛАМ”-ТАЙГАА ХЭДИЙНЭ УЧИРСАН БАЙХ?

Д.Нацагдоржийн дүрийн судалгааг хийж байхад надтай төстэй мэт зүйлүүд гарч байсан. Миний хувьд ханьтайгаа учраад хөөрхөн хүүтэй болсон.

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж