“Андра модель” агентлагийн захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэлтэй ярилцлаа. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Х.Бадамгэрэл нь өөрийн академийг байгуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрбээр энэ удаагийн ярилцлагадаа “Эх орон маань л сайхан байгаасай. Эх орноо л хөгжүүлж, ажиллаж, амьдармаар байна” хэмээн яриагаа эхэлсэн юм. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
“МОNGOLIA`S NEXT TOP MODEL” ШОУНЫ ОРОЛЦОГЧДЫГ ӨМӨӨРНӨ
-Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрч байна. Та өнгөрсөн долоо хоногт ес дэх дугаарын зочин шүүгчээр уригдсан. Энэ шоунд танай агентлагийн модель Б.Жагзмаа амжилттай оролцсон. Тиймээс юун түрүүн загварын ертөнц дэх шинэ урсгал болсон “Моngolia`s Next Top Model” шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
–Би “Моngolia`s Next Top Model” шоуг буруутгахгүй. Харин ч монголчуудыг загварын ертөнцийн талаарх мэдлэгтэй болгож байгаа. Анхны юм бүхэнд алдаа оноо бий. Монголчууд маань бусдыг шүүж, өөрсдийн бодлыг тулгадаг хэцүү характертай хүмүүс болохоор элдвээр хэлж байгаа харагддаг. Гэвч энэ бол цэвэр хувь хүний ухамсар, хандлага.
Би бол шинийг хийж, бүтээж, таниулж буйд сэтгэл хангалуун байна. Мөн загварын салбарын модель гэдэг хэчнээн хатуужил, тэсвэр тэвчээр, золиостой өрсөлдөөний араас гарч ирдэг, мэргэжлийн үнэ цэнийг хэрхэн бий болгодог болохыг хүмүүст таниулж байгаа. Энэ бол реалити шоу. Тэр ч утгаараа зочин шүүгчээр оролцох урилгыг хүлээн авсан. Мөн энэ шоунд оролцож буй оролцогчдыг 100 хувь өмөөрнө. Энэ шоунд оролцоно гэдэг хэн бүхний гаргах зориг тэвчээр, чадвар биш.
-Монголын загварын ертөнцийн шинэ ТОП модель “Моngolia`s Next Top Model” шоугаас шалгарна гэж хүлээж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Мэдээж энэ шоу загварын салбарыг таниулах бас нэгэн үүд хаалга. Энэхүү шоу цаашдаа ч үргэлжлэх ёстой. “Моngolia`s Next Top Model” шоуны ялагч тухайн шоуны л топ модель. Түүнээс биш Монголын топ модель гэх боломжгүй. Энэ нь асар том ялгаатай учраас өрөөсгөл ойлгож болохгүй. “Топ модель” нэрийг нэг шоунд оролцоод авдаг зүйл биш.
-Танай агентлагийн модель Б.Жагзмаа шоунд чамлахааргүй амжилт гаргасан. Танайхаас хэчнээн модель шалгаруулалтад оролцсон бэ?
–Манай агентлагаас таван модель “Mongolia's Next Top Model" шоуны шалгаруулалтад оролцсон. Эцсийн шалгаруулалтад Б.Жагзмаа тэнцсэн юм. Үлдсэн дөрвөн моделийн хувьд 178, 180 см өндөртэй охид байсан ч тодорхой шалгуурын дагуу тэнцээгүй юм билээ. Гэхдээ охид маань тэнцээгүйгээсээ болоод сэтгэлээр унасан зүйл байхгүй. Би хүүхдүүддээ “Аливаа зүйлд ялагдаж сурах хэрэгтэй. Ялагдаж байж ялж сурдаг. Ялагдал бүрээсээ сургамж авч, илүү холд тэмүүлээрэй” гэж захидаг. Модель Б.Жагзмаагийн хувьд нас бага хэдий ч нүүрний хувирал маш сайтай. Би анхнаасаа фото модель талдаа маш сайн юм байна гэж үнэлж, агентлагтаа сургаж байсан. Түүний цаашдын ирээдүй ч гэрэлтэж байна. Би агентлагийнхаа хүүхдүүдээр их бахархдаг шүү.
–Өнгөрсөн жил Дубайд болсон олон улсын дизайнер, загвар өмсөгчдийн өндөр зэрэглэлийн “Fashion Forward Dubai” загварын шоунд анх удаа эх орноо төлөөлөн оролцоод ирсэн. Энэ жил дахин олон улсын загварын шоунд оролцох бодол бий юу?
-Дубайд болсон загварын шоу нмаш өндөр зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн шоу байсан. Уг шоуг жилд хоёр удаа, хавар, намарт зохион байгуулдаг юм билээ. Миний хувьд өнгөрсөн оны хаврын шоунд нь оролцсон. Надад намрын шоунд дахин оролцох санал тавьсан ч академиа нээгээд удаагүй байсан учраас оролцож чадаагүй. Монголын үндэсний дизайнеруудын холбооны тэргүүн Ц.Одонгэрэл эгч маань холбоо тогтоож, оролцох бүх боломжийг нээж өгсөн. Хэрвээ сонирхож байгаа моделиуд байвал Ц.Одонгэрэл эгчтэй холбогдож, шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой.
Миний сонгогдсон категори буюу А зэрэглэлийн 15 модель бүгд олон улсын зэрэглэлтэй, туршлагатай моделиуд байсан. Харин Азиас би ганцаараа оролцсон. “Fashion Forward Dubai” надад маш том нээлт, боломж, ололт байлаа. Дубайн шоутай дүйцэхүйц өндөр зэрэглэлийн загварын шоуг эх орондоо хийж, Монголын загварын салбарт хувь нэмрээ оруулмаар байна.
“ГОЁЛ-2017” НААДМААС ТОПООР ТОДРОХ МОДЕЛЬ БАЙГААГҮЙ
-Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 29 дэх жилдээ болж өндөрлөсөн. Харин “Гоёл-2017” наадмаас топ модель тодроогүй. Энэ жил үнэхээр топоор тодрох модель байсангүй юу?
-Энэ жил угаасаа топоор тодрох модель байгаагүй. Топ моделиор тодрох хэмжээний ур чадвартай, чанартай модель байгаагүй гэдгийг удирдлагууд нь ч хэлсэн шүү дээ. Бид ч гэсэн холбооныхоо энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.
Топ модель шагнал бол уйгагүй хөдөлмөр, ур чадвар, олонд танигдсан байдал, олон жилийн туршлагын хэмжүүр байдаг.
Топ модель нуруулаг, царайлаг, гоё сайхан зураг авахуулдаг байхын нэр биш. Тэр үүднээсээ энэ жил үнэхээр топын хэмжээнд хүрэх модель байгаагүй. Энэ бол холбооны зүгээс өгч буй маш том сургамж, сануулга. Учир нь сүүлийн үеийн моделиуд өөрийгөө хөгжүүлж дайчлахгүй, модель гэдэг ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгохгүй зөвхөн хэлбэрт автагдаж дутуу дулимаг байна. Гэхдээ ирэх жил “Гоёл” наадмын 30 жилийн ой тохионо. Энэ ойгоороо манай холбооныхон ихийг хийхээр төлөвлөж байгаа байх. Бид ч гэсэн гар бие оролцоно. Яаж ч бодсон 30 жилийн түүхтэй “Гоёл” наадмыг үгүйсгэх гэж оролдоод нэмэргүй. Ийм түүхтэй загварын наадам Монголд байхгүй шүү дээ. Энэ салбарт “Гоёл” наадам анхнаасаа тэргүүлэгч нь байсаар ирсэн шүү дээ.
АМРАЛТЫН ӨДӨР АЖИЛ ЯРИХ ДУРГҮЙ
–Тантай ярилцахаар залгахад амралтын өдрийг хүүтэйгээ өнгөрүүлнэ гэж байсан. Ажил, амьдралд тань цаг баримтлал, төлөвлөлт их чухал юм шиг санагдсан?
–Бид хоёр бүтэн сайн өдөр ажил хийдэггүй. Амралтын өдрийг гэр бүлээрээ, хүүтэйгээ цагийг өнгөрүүлэх нь манай гэр бүлийн зарчим. Үүнийг маань ойр дотныхон, найзууд маань мэддэг болсон. Тийм болохоор ням гаригт хэзээ ч утсаар ажил ярьдаггүй. Би ч ажил ярих их дургүй байдаг. Хүмүүс ч гэсэн мэдээд авчих хэрэгтэй байх. Би ч гэсэн цаг баримтлахыг хичээдэг. Магадгүй тийм учраас ажил маань амжилттай амждаг болов уу гэж боддог. Миний хувьд цаг төлөвлөлт маш чухал.
-Та хэр эртэч хүн бэ. Ажлаа хэрхэн төлөвлөдөг талаар сонирхуулж болох уу?
-Манай академийн хичээл өглөө 6:30 цагаас эхэлдэг. Академийн маань багш нар өглөөний ангидаа зориулан өглөө эрт босч бэлддэг. Тиймээс бид маш эртэч хүмүүс. Өглөөний хичээлдээ бэлэн байхын тулд өглөө таван цагт босдог. Ер нь хүн бүхий л амьдралынхаа туршид маш олон цагийг унтаж өнгөрүүлдэг юм билээ. Энэ хугацаа харамсмаар биш гэж үү. Манай өглөөний ангид оройн ангиасаа илүү хүмүүс ирдэгт их бахархдаг. Хүмүүс тэр өдөртөө их эрч хүчтэй, тэмүүлэлтэй байгаа нь их сайхан. Өглөө эртлэн босохын давуу тал их бий. Миний хувьд ч гэсэн ажлаа үр бүтээлтэй, сэргэлэн цовоо, сэргэгээр хийдэг. Нөхөртэйгээ хоёр хоёулаа академидаа долоо хоногийн зургаан өдөр хамтдаа ажилладаг. Залуу насандаа сайн хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэр утгаараа өглөө эрт босож, өдрийг идэвхтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг.
–Амаржаад удаагүй байхдаа загварын тайзнаа гарч “Гоёл-2015” наадмын ТОП-ын титмийг хүртсэн. Тэр мөчид хань нь тайзнаа гарч ирэн баяр хүргэж, сагс дүүрэн цэцгийн баглаа бэлэглэж байсан санагдана?
-Мэдээж тэр мөч миний амьдралын гайхалтай мөчүүдийн нэг. Хань маань намайг ямагт дэмждэг. Миний бодлоор ийм нөхөр их ховор байх. Эр нөхөр нь дэмжиж байж эмэгтэй хүн гэрэлтэж чадна. Эхнэрийнхээ хүсэл, зорилго, мөрөөдлийг дэмждэг байх нь эр хүний хувьд маш том ухаан. Харин ханийнхаа зөв хүсэл мөрөөдлийг сонсохгүй, дуртай зүйлийг нь зөвшөөрөхгүй ундууцдаг байх нь сул дорой эр хүний шинж. Тэгэхээр манай залуу гэр бүлүүд хоорондоо ярилцаж, хамтдаа бүтээх зүйлийг эрэлхийлж, бие биедээ зөв үлгэр дуурайлал болоосой гэж хүсэж байна. Бид хоёр нийгэмдээ зөв үлгэр жишээг үзүүлэхийг зорьдог. Ухаалаг, уужуу тайван байж, тулгарах бартаа давааг хөтлөлцөөд давах зорилго дээр бид нэгддэг.
-Ойрын жилүүдэд бүл нэмэх төлөвлөгөө бий юу?
-Энэ жил биш гэхэд ойрын хугацаанд бүл нэмэхээр төлөвлөсөн. Би уг нь олон хүүхэдтэй болох хүсэлтэй. Хэрэв бие маань дийлбэл шүү дээ. Бид хүүхдийг бурхнаас заяасан бэлэг гэж хүлээж авдаг. Хүүхэд гэдэг маш том баялаг шүү дээ. Гэхдээ хүн гэдэг тоглоом биш шүү дээ. Хамгийн гол нь амьдарч буй хотын маань агаарын бохирдол их санаа зовоож байна. Эх орон маань л сайхан байгаасай. Эх орноо л хөгжүүлж, эх орондоо л ажиллаж, амьдармаар байх юм.
ХАНЬ МААНЬ 2020 ОНЫ СОНГУУЛЬД ДАХИН ХҮЧ ҮЗНЭ
-Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд таны хань Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн. Ирэх 2020 оны сонгуульд ч дахин хүчээ сорих уу?
-Бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань илүү гэрэл гэгээтэй, найдвартай, ирээдүйдээ итгэлтэй байгаасай гэж хүсдэг учраас юунаас ч эмээлгүй, байгаа бүх зүйлээрээ дэнчин тавьж оролдоод үзсэн сонгууль байсан. Энэ удаа сонгогдоогүй ч “Залуу хүний замын хүзүү урт” гэдэг. Тийм учраас хэн нэгнийг басаж, өнөөдрийн хүчийг ирээдүйд яг ийм байх юм шиг дүгнэж болохгүй л дээ. Бид ирээдүйд бүтээх зүйлсээ нэлээд томоор зорьж, харж, сэтгэж байгаа. Тэгээд 2020 оны сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэж бодож байгаа. Би ч гэсэн тэр хүртэл өөрийгөө сайн хөгжүүлж, нөхрийнхөө сайн ар тал, туслах, сайн найз нь байхын тулд хичээнэ. Ингэхийн тулд энэ хугацаанд нийгмийнхээ сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй байна. Хэн нэгний эрх мэдэлд, эсвэл мөнгөөр өөрийн үзэл бодлоо худалддаггүй залуу үеийг бэлдэх хэрэгтэй байна. Хүний хувийн үзэл бодлоо мөнгөөр худалдана гэдэг хичнээн харамсалтай. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, үзэл баримтлалгүй хүн ирээдүйг яаж харах билээ.
Бид хоёрын хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэл хязгааргүй. Тиймдээ ч үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй баймаар байна. Түүний тулд яг өнөөдрөөс өөрчилж эхлэх хэрэгтэй байна шүү дээ.
-Сонгуульд оролцох нь ханийн тань шийдвэр үү, гэр бүлийн хамтын шийдвэр байв уу?
-Ер нь манай хүн УИХ-ын сонгуульд дэвших талаар нэг өглөө сэрээд л шийдчихээгүй. Нөхөр маань энэ шийдвэрийг гаргах гэж сүүлийн 10 жил өөрийгөө бэлдсэн. Энэ хугацаанд улс төрийн мэдлэг, нийгмийн мэдрэмжтэй байж, нийгмийн асуудлыг биеэрээ туулж мэдэрдэг учраас, мөн үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовнидог учраас сонгуульд оролцсон. Энэ бол манай гэр бүлийн шийдвэр.
-Дуучин Бэкки дахин уран бүтээл хийх үү?
-Миний хань мэргэжлийн дуучин биш. Дуулах нь ханийн маань хамгийн их дуртай зүйл нь. Би тайзна алхаад яаж гоё энергиэр цэнэглэгддэг билээ яг тэрэн шиг хань минь ч гэсэн дуугаа дуулаад эрч хүчээр цэнэглэгддэг. Гэвч нөхөр маань сүүлийн таван жил гэр бүлээ төвхнүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа. Дан ганц урлагт зүтгээд гэр бүлээ тэжээж, хүссэнээрээ амьдралаа авч явахад хэцүү л дээ. Би ханийнхаа дуулах ур чадварыг хүндэтгэж, хайрладаг.
-Топ модель Х.Бадамгэрэлийг төрсөн өдрөөрөө нийгэмд тустай зүйл хийдэг гэж сонссон. Энэ жилийн төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болсон төрсөн өдрөөрөө нэг бяцхан хүүхдэд хандив өгсөн. Хүнд бага ч гэсэн тус болж байна гэдэг миний хувьд төрсөн өдрийн бэлэг юм. Мөн төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулах үүрэгтэй гэж боддог. Түүнийгээ ч үргэлж биелүүлж, ээждээ хязгааргүй хайртайгаа бас хамгаас үнэ цэнэтэй цор ганц эрдэнэ минь юм шүү гэдгийг мэдрүүлж байдаг даа.
МИСС А.БАЯРЦЭЦЭГТЭЙ НАЙЗАЛЖ НӨХӨРЛӨСНИЙ ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ
-Танай агентлаг дэлхийн миссийн тэмцээний шилдэг 11 миссийн нэг А.Баярцэцэгтэй хамтран “Мөрөөдлөө амилуул” хэмээх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийнхөө сонин сайхнаас хуваалцаач?
-“Мөрөөдлөө амилуул” өдөрлөгөө өөрийгөө бүтээх гэж яваа олон сайхан охидод зориулан зохион байгуулсан. Тиймээс ч энэ удаагийн өдөрлөгт маань олон охид ирсэн. Хүний мөрөөдөл гэгч хязгааргүй. Гэхдээ мятаршгүй, хүчтэй, зорилготой байх ёстой. Бид энэ удаа мөрөөдлөө хэрхэн амилуулж, бүтээж, бодит болгох талаар ярилцсан. Мисс А.Баярцэцэгийн маань хувьд эх орондоо ирээд удаагүй байгаа. Бид хоёр нөхөрлөөд 10 жил болж байна. Энэхүү ойгоороо найзуудтайгаа хамтран нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Тун удахгүй А.Баярцэцэг маань Филиппин улсад болох олон улсын залуусын форумд илтгэл тавихаар явна. Үүний дараагаар Монголынхоо залууст хандсан, хөгжил дэвшлийг нь урамшуулсан үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна.
-“Андра академи”-гийн зүгээс залуустаа хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон цуврал лекц хүргэдэг. Тэр чинээгээрээ танай агентлагийг зорин ирэх залуус ч цөөнгүй харагдана?
-Манай академи цуврал лекцийг залуустаа хүргэхийг хичээдэг. Манай академийн уриа бол “Өөрийгөө бүтээ”. Хүн өөрийгөө хайж олох гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө бүтээх нь чухал. Яг одоо хувь хүний хөгжлийн сургалтын ангийнханд Монгол Улсын их сургуулийн багш, доктор, профессор Ч.Энхбаяр багш хичээл заах гээд ирчихсэн байна. Бид “сайн” багш нараар хичээлээ заалгадаг. Манай академийг зорин ирсэн хэн бүхэн өөрийгөө олон талаар нээж, бүтээх боломжийг олгодог.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ