АТГ-ын шалгалт, баривчилгаа ширүүслээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

АТГ-ын шалгалт, баривчилгаа ширүүслээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын шалгалт, баривчилгаа сүүлийн үед ихэд ширүүсч байна. Өчигдөр /2017.02.21/ л гэхэд  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хорьж, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг байцааж эхэлсэн байна. Мөн иргэн Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг саяхан прокурорт шилжүүлсэн түүнийг өнөөдөр шүүнэ.


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШАЛГАЛТЫН ДАГУУ ХОРЬЖЭЭ

Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгчийн нэг  юм байна. Тиймээс түүнийг  Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын үеэр байцаах шаардлага гарсан гэж АТГ тайлбарлаж буй юм. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим сайт мэдээлсэн.  АТГ-аас Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхлээд байна. Зээлдэгчдийн нэг болох Б.Гарамгайбаатарыг өчигдөр 15.00 цагийн орчимд түүнээс байцааж эхлээд 19.00 цагийн орчимд прокурорын шийдвэрийн дагуу Хорих 461 дүгээр ангид хорьсон байна.  

“ФОРТУНА”-ЫГ Ч БАС ХОРИХООР БОЛОВ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярыг ч АТГ-аас шалгаж эхэлжээ. Өчигдрийн хувьд түүнээс байцаалт авчээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг мөн л Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, өчигдөр үдэш Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачсан байна. Түүнийг дараах зүйл ангиар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2

/Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2

/Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т

/Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.


Г.ДЭНЗЭНГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусчээ.

Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт саяхан шилжүүлээд байсан. Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2017.02.22/ шүүх тов гарчээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж