Тавантолгойн нөөц шавхагдах уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нөөц шавхагдах уу?

Тавантолгойн ордын батлагдсан нөөц нь зургаан тэрбум гаруй тонн гэж яригддаг. Уг ордод төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани үйл ажиллагаа эрхэлдэг.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэд тус ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг ч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах саналыг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Батболдын Засгийн газар тавьснаар тус бүлгийнхэн хувьцаагаа мөнгөжүүлж авсан. Гэхдээ дийлэнх иргэд хувьцааныхаа үр шимийг одоог хүртэл хүртэж чадаагүй яваа юм.

Энэ асуудлыг өнгөрсөн долоо нэр бүхий эдийн засагчид хөндөж, “Эрдэнэс тавантолгой” компани нүүрсийг сорчилж, ашиглаж байгаа нь нөөц барагдах тал руу нь оруулж байна. Дээр нь алдагдалтай ажилладаг, асар их өртэй байгаа нь ашиг өгөх боломжгүй болгоод байна гэж мэдэгдсэн юм.

Харин “Эрдэнэс тавантолгой” компанийн зүгээс “Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдээд байгаа. Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор энэ долоо хоногийн “VS” буландаа эдийн засагч, эксперт Л.Наранбаатар, “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарын байр суурийг онцоллоо.

Л.НАРАНБААТАР:

 

Д.АРИУНБОЛД:

 

Эрдэнэс тавантолгой 2011 оноос нүүрс экспортолж ирсэн зургаан жилийн хугацаанд нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрс олборлож, уурхайн амаар борлуулжээ. Тодруулбал 100 тоннын даацтай 242 мянган ширхэг машин нүүрс гаргаж, нийт 13.6 сая портер дүүргэх хэмжээний газар шорооны ажил хийсэн байна. Ийм их нүүрс олборлож, борлуулсан ч байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан нийт алдагдал нь 453 тэрбум төгрөгт хүрээд байна. Алдагдал хүлээсний гол шалтгаан нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргасанд байгаа юм. Нийт алдагдлыг хувьцаагаар үнэлбэл нэгж бүрийн үнийг сая төгрөгөөр тооцоход 453 мянган иргэний хувьцааг идчихлээ гэсэн үг. Тус компанийн менежмент нүүрсний үнэ өсөхөд зардлаа нэмдэг, үнэ буурахад зардлаа танах системээр явж ирсэн. Яг л улсын төсвийн орлого өсөхөөр зарлагаа нэмчихдэг шиг менежемент.

Тухайлбал 2016 онд нэг метр куб уулын цулыг 11200 төгрөгийн өртгөөр олборлосон. Үүнийг зэргэлдээх компаниудтай нь харьцуулбал “Энержи ресурс”-ээс нэг дахин илүү буюу 106 хувийн илүү зардлаар, “Тавантолгой”-гоос 36 хувиар өндөр өртөгөөр олборлолт явуулж байна.

Миний олж авсан мэдээллээр “Эрдэнэс тавантолгой”-н Чалкогийн өр нийт өрийн зөвхөн наймны нэг хувийг эзэлж байгаа. Тус компанийн дийлэнхи өр нь Хөгжлийн банкны өр төлбөр юм. Хөгжлийн банкны өр нь зээлийн хүүтэй нийлээд 587 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт өрийнх нь 71 хувийг эзэлж байна. Эндээс дүгнэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагааны ашиггүй, алдагдалтай учраас Чалкогийн өрийг Хөгжлийн банкнаас зээл авч төлсөн нь харагдаж байна.

2015 онд “Чалко”-д төлөх өр 100 сая ам. доллар байсан бол 2016 оны эцсээр 76 сая ам.доллар болж буурсан. Нөгөө талаар гэрээт олборлолт хийж байгаа ТТJVCO гэх Хятадын компанид төлөх өр нь 26 сая ам. Доллар болж өссөн байна. TTJVCO бол гэрээт олборлолтынхоо ажлын хөлсөнд Чалкогийн үнийн индексээр нүүрсийг мяа хямдаар буюу 20-30 ам доллараар авч, цааш нь Winsway гэх бас Хятадын худалдааны компаниар зуучлуулан өндөр үнэ хүргэн заруулдаг компани! Ингэснээр Хятадын талд төлөх нийт өр 102 сая ам. доллар болж өмнөх оныхоосоо өссөн байна. Өр буураагүй байгаа биз! Мөн 34 тэрбум төгрөгийн татварын өрийг нь төлүүлэх нэрийдлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор Хятадын “Саусгоби сэндс” компани ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-д гэрээт олборлогчоор орсон. 2016 оны эцсээр “Саусгоби сэндс” компанид төлөх өр 5.1 тэрбум төгрөг болчихож. Гэтэл өр төлүүлэх “Саусгоби сэндс” “Эрдэнэс тавантолгой”-гоос өр нэхдэг компани болж хувирсан байна. Ийм өрийн гинжин хэлхээ цаашдаа улам сунана. Ер нь нүүрсээ өндөр зардалтай олборлож, 30 гаруйхан ам доллараар зардаг энэ менежмэнт нь цаашдаа үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа уурхайн эдийн засгийн үр ашигтай нөөц дуусаж, хаах асуудал яригдана. Үүний дараа хичнээн хөрөнгө оруулалт хийгээд ч нэмэргүй, өртөг өндөртэй, өрсөлдөх чадваргүй уурхай болж хувирна.

 

Ор үндэслэлгүй мэдээлэл. “Эрдэнэс тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байсан. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл.

Хэдэн тоо дурдая. 2016 онд “Эрдэнэс тавантолгой” компани  7,8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1,3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа.

Хэдэн жилийн дараагаас угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дахин хэлэхэд, Таван толгой нүүрсний  нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий гэдгийг ч дурдая. Нөөцийн хувьд шавхагдашгүй.

100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэж, манай компанийн бүх мэдээлэл Erdenestt.mn вэб сайтад нээлттэй байгаа. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай. Өндөр өртгөөр олборлодог гэдэг шүүмжлэлийн хувьд, өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4,3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Түүнийг хэлж буй болов уу. Одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5900 төг буюу 2,3 ам.доллараар олборлож буй.  Бид ажлаа аваад таван сар болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ. Харин сөхөгдөж буй өр ширний тухайд, “Эрдэнэс Тавантолгой” компани бол хэд хэдэн Засгийн нүүр үзсэн гэдгийг онцольё. Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь “Чалко”, TTJVCO компанид төлөх өр төлбөр.

Бидний хувьд сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг.  Нэг зүйлийг баттай хэлье. “Эрдэнэс тавантолгой” компани өрөө маш их нимгэлсэн.  Компанийн маань ойрын  гол зорилго бол “Чалко”-д төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм.

Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр  жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор “Чалко” болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж