Канад улс хилийн хяналтаа чангатгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Канад улс хилийн хяналтаа чангатгаж байна

Канадын Квебек мужид АНУ-аас цагаачлан ирэх хүмүүсийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа учраас цагаачдыг хүлээн авах түр төв байгууллаа хэмээн Toronto Star сонин мэдээлж байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-аас хууль бусаар Канадын хил нэвтрэх гэсэн хэд хэдэн оролдлого гарсны улмаас Канад хилийн хяналтаа чангатгаад байгаа юм.

Канадын Хилийн алба, Холбооны Цагдаагийн алба хамтран Даваа гаригт /2017.02.20/ хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэ оны нэгдүгээр сард 452 хүн оршин суух эрх олгохыг хүссэн хэмээн мэдээллээ. 2016 оны нэгдүгээр сард ийм эрх хүссэн хүний тоо 137 байжээ.

Харин хууль бусаар хэчнээн хүн хил зөрчсөн талаарх тоо баримтыг хэлээгүй байна. Гэхдээ хоёр төрлийн хүмүүс хил зөрчиж байгааг хэлжээ. Нэгд, АНУ-д жуулчлалын визээр ирсэн хүмүүс, хоёрт, АНУ-д цагаачилж ирээд он удаан жил амьдарсан хүмүүс байгаа ажээ. Хэвлэлийн бага хурал зарладаг өдөр гэхэд Эритригаас 2013 онд АНУ-д гэр бүлээрээ цагаачилж ирсэн гэр бүл, мөн Суданы иргэний үнэмлэхтэй боловч АНУ-ын Миннесота мужаас жолооны үнэмлэх авсан эрэгтэй хил зөрчихийг оролдсоныг жишээ болгон хэлжээ.

Канад болон АНУ-ын хооронд байгуулсан гэрээгээр хэрвээ аль нэг улсын иргэн нь нөгөө улсаасаа дүрвэн оршин суух эрх хүсэхийг хууль бус гэж үздэг. Учир нь, хоёр улс бие биенээ аюулгүй улс гэж тодорхойлдог. Хүний эрхийн Amnesty International байгууллагын зүгээс Канадыг энэ гэрээг цуцлахыг шаарддаг ч канадчууд цааргалдаг ажээ. Дональд Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд цагаач болон дүрвэгч иргэдийн талаарх бодлогоо чангатгахаа мэдэгдсэнийг хариуд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо шашны сүсэг бишрэлээс нь үл хамааран цагаач, дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдсэн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж