Монголын медиа корпорациас санаачлан явуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян үргэлжилж байна. Бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажилд иргэдээр үнэлэлт, дүгнэлт өгүүлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж буй бөгөөд үүний өмнө өнгөрсөн хугацаанд болсон зарим үйл явдлыг нэхэн сануулж байгаа билээ. “Ардын үг” аяны өнөөдрийн онцлох сэдэв нь Ази Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2016 оны долдугаар сард Монгол Улсад болсон “Улс төрийн олимп” гэгдэх АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үр дүнг тоон хэлээр өгүүлбэл ийм байна.
АСЕМ-ын чуулга уулзалт 1996 онд 26 орны гишүүнчлэлтэйгээр анхны хуралдаанаа зохион байгуулж байв.
Өдгөө “АСЕМ”-д 51 орон, олон улсын хоёр байгууллага гишүүнчлэлтэй болон хүрээгээ тэлжээ.
АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор 53 орны 4000 гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатарт хөл тавьжээ.
10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, 17 орны Гадаад хэргийн сайд морилон иржээ.
АСЕМ-ын чуулга уулзалтын хүрээнд айлчлан ирсэн Төрийн тэргүүнүүд хоорондоо 100 гаруй удаагийн 2 талын уулзалт хийжээ.
Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлахаар 700 гаруй сэтгүүлч ажиллажээ.
Гадаад орны 670 сэтгүүлч албан ёсоор бүртгүүлж сурвалжлах үнэмлэх авсан.
Монгол Улсаас БНХАУ-д төлөх 38 тэрбум төгрөгийг тэглэсэн.
БНХАУ Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 100 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.
Бүгд найрамдах социалист Вьетнам улс сайн чанарын арьс боловсруулах 2 үйлдвэрийг манай улсад байгуулж өгөхөөр болсон.
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Богд хааны ордон музей, Чойжин ламын музейг засварлахад зориулж хөрөнгө шийдвэрлэж өгөхөө амласан.
Монгол-Сингапур улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр болсон.
Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах хүрээнд 4400 иргэнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулсан.
Эдгээрээс үйлчилгээний чиглэлээр 620 иргэнийг, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүнийг, хурлын зохион байгуулагчийн мэргэшлээр 50 хүнийг гадаад оронд тус тус сургасан.
Олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэг улсад 14, Европын холбооны зардлаар 6 иргэнийг мэргэжлийн түвшинд бэлтгэжээ.
Сайн дурын нийт 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулсан.
Аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 албан хаагчийг тусгайлсан сургалтаар бэлтгэжээ.
БНСУ-ын Төрийн тэргүүн манай улсад нийтийн тээврийн шинэчлэлийн 2 дахь удаагийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.
АСЕМ-ын чуулга уулзалтыг зохион байгуулсан 14 хоногийн хугацаанд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай орны тухай мэдээ мэдээлэл энгийн үеэс 3 дахин нэмэгджээ.
Монголын талаарх мэдээлэл 7 хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд 1 тэрбум 500 сая хүнд хүрчээ.
АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад ирсэн хамгийн залуу төлөөлөгч Шведийн Боловсролын сайд Густав Фридоллин 1983 онд төрсөн 34 настай аж.
Хамгийн ахмад төлөөлөгч Пакестаны Гадаад хэргийн сайд Сартаж Азиз энэ үед 78 настай байжээ.