АРДЫН ҮГ: Давос ба Монгол

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

АРДЫН ҮГ: Давос ба Монгол

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа билээ. Бид энэ удаагийн аянаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажилд иргэдээр үнэлэлт, дүгнэлт өгүүлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж буй бөгөөд үүний өмнө иргэдийг мэдээлэлжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд болсон зарим үйл явдлыг цувралаар нэхэн сануулж байгаа юм. “Ардын үг” аяны өнөөдрийн онцлох сэдэв нь Ази Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ болон Давосын эдийн засгийн форум. Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр оролцдог Давосын эдийн засгийн форумын талаар зарим мэдээллийг хүргэе.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг урьдаггүй, урьсан ч бид ач холбогдол өгдөггүй байсан үе бий. Харин өнгөрсөн найман жилийн хугацаанд тогтмол Ерөнхийлөгчийн хэмжээнд оролцдог болж, ач холбогдол нь ч өндөрсчээ. Монгол Улс Давосын түнш болж, Давос Монголын хувьд улсаа сурталчлах, эдийн засгийн харилцаа холбоогоо өргөжүүлэх нэг том суваг болсон байна.

Давос гэж юу вэ. Ямар онцлогтой вэ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг мөн нэрээр нэрлэгдсэн төрийн бус байгууллага зохион байгуулдаг. Үүсгэн байгуулагч, тэргүүн нь профессор Клаус Шваб хэмээх герман хүн бий. Женевт төвтэй тус байгууллагад дэлхийн мянга гаруй томоохон компани гишүүнчлэлтэй байдаг. Дэлхийн эдийн засгийн анхны чуулга уулзалт 1971 онд болжээ. Гэхдээ нэр нь өөр байсан нь мэдээж. Эхэндээ бизнесийн салбарын удирдагчид цуглаж, менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол дараа дараагийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг урих болсон байна. Энэ үедээ Европын чуулга уулзалт гэж нэрлэж байснаа Ази, Африк, Өмнөд, Хойд Америк, Австралийн улс орнуудад урилга өгдөг болсныхоо дараа 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэх болжээ. Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг. Протокол хөтлөдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Тэр утгаараа оролцогчдод маш их мэдээлэлтэй, ач холбогдолтой болж чаддаг байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Женевт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Хүмүүс, тухайлбал, ОУВС, Дэлхийн банкны төлөөлөгчид Давосын уулзалт дээр чин сэтгэлээсээ, хэлье гэснээ хэлчихдэг. Албан уулзалтууд дээр, мөн хэвлэлийнхний өмнө тэр болгон илэрхийлээд байдаггүй санаа, байр сууриа энэ үеэр илэрхийлдэг. Дотоод мэдээлэл гэж хэлж болохуйц мэдээллийг сонсоно гэдэг бол эргээд бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно” гэж онцолж байсан удаатай. Мөн “Давос бол дэлхийн АСЕМ юм” хэмээн маш оновчтой тодорхойлсон билээ.

Энэ утгаараа Давос бол дэлхийн улс орнууд хоорондоо ний нуугүй ярилцдаг, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлоход хэрэгтэй бодит мэдээлэл олж авах гол эх сурвалж, даяарчлалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, хамгийн чухал арга хэмжээний нэг юм.

Давос бол Монголоо сурталчилах том талбар

Чуулга уулзалтыг зохион байгуулагчид оролцох улсуудаа тусгай шалгуурын дагуу сонгож урилга явуулдаг. Оролцоо сул орнуудыг урихаа больдог. Монгол Улс харин тасралтгүй оролцсоор ирсэн гэж бодохоор бид өнгөрсөн жилүүдэд Давосын форумын хүлээн зөвшөөрөгдсөн түнш байж чаджээ.

Хамгийн сүүлд болсон Давосын чуулганд манай улс урьдын адил уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ус, байгаль орчны чиглэлийн хурал, хэлэлцүүлэгт түлхүү оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдэлийн талаар хэлэлцэхэд улсынхаа байр суурийг илэрхийлсэн.

Давосын чуулга уулзалт дахь Монголын нэг том орон зай нь “Монголын үдэш” арга хэмжээ байдаг. Улс орноо сурталчлах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээг 2017 онд 500 гаруй төлөөлөгч үзэж сонирхсон нь урьд өмнөхөөс өссөн үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, Монголыг сонирхох сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг эндээс харж болох юм. Нэг ёсондоо Давос бол улс орондоо хэрэгтэй мэдээлэл цуглуулахаас гадна эх орноо дэлхий нийтэд сурталчлах маш том талбар болдгоороо онцлогтой. Энэ талаар ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтын үеэр хэлж байсан удаатай. Тэрээр “Монголын үдэш” арга хэмжээний талаар “Би олон газар, олон арга хэмжээнд оролцдог. Эдгээр арга хэмжээний үеэр Монголынхоо соёл, зан заншлыг тэр болгон сурталчлаад байж чаддаггүй. Ихэвчлэн тухайн очсон газрынхаа соёл, түүх, зан заншилтай танилцаад буцдаг. НҮБ-ын том хэмжээний хурлын үеэр ч ийм боломж байдаггүй. Давосын чуулга уулзалтын үеэр зөвхөн өдөр арга хэмжээ болдоггүй, 24 цагийн турш арга хэмжээ болж байдаг. Үүнийг ашиглая гэж бодсон. Бид ийм арга хэмжээ зохион байгуулъя,үүндээ зориулж ийм ийм зүйл авчиръя гэхэд холбогдох зөвшөөрлийг авах тийм амар биш. Энэ арга хэмжээг зохион байгуулах байгууллага нь ямар байх уу, эдний стандартад нийцсэн аж ахуйн нэгж үү үгүй юу гэдгийг хүртэл авч үздэг. Танай арга хэмжээг хүн тоож очих уу гэсэн асуулт хүртэл гардаг. Давосын чуулга уулзалтын үеэр 20-иод улс, 100 гаруй компани ижил төстэй арга хэмжээг Давост зохион байгуулдаг. Эхэн үедээ 100 гаруй хүн ирж байсан бол одоо 500 гаруй хүн манай “Монголын үдэш”-ийг сонирхон ирэх гэж байна. Монголын дуу хөгжмийг сонсч, бидний хувцсыг үзээд, идээ ундааг зооглосон хүмүүс бие биендээ хэлж түгээж байна. Үүгээр дамжуулаад бид Монголынхоо урлагийг, хувцсыг, түүхийг сурталчилж байна. Энэ жил бид 400 орчим хүн ирэх байх гэж тооцож байсан ч 500 хүнд урилга хүргүүллээ. “Монголын үдэш”-т форумыг санаачлагч Клаус Шваб гэр бүлийн хүний хамт ирж нээдэг. Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”. Үүнийг бид том амжилт гэж үзэж байгаа” гэж тодотгосон нь бий.

Х.БАТСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж