САППОРО 2017 – АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ
2 ДАХЬ ӨДРИЙН ТОЙМ
МОНГОЛЫН ХОККЕЙЧИД СИНГАПУРЫГ БУТ НИРГЭВ
Азийн Өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг 1-р дивизионы хоёр дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолтод Монголын баг Сингапурыг 8:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулав.
Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар 1-р үеийн сүүлийн 2 минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн юм.
Хоёрдугаар үед манай баг илт илүү тоглолтыг үзүүлж, И.Гэрэлт хоёр гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмснээр 6:0-ээр давамгайлах болсон. Гуравдугаар үед ч Монголын шигшээ давуу байдлаа алдсангүй, П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоолын жагсаалтад нэрээ нэмж бүртгүүлснээр тоглолт 8:0-ийн харьцаатайгаар өндөрлөлөө.
Уг тоглолтод Монголын багийн хаалгач Б.Мөнхболд, Б.Баатархүү нар 2-уул талбай дээр гарч, хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Манай багийн гол хамгаалагчдын нэг З.Батгэрэл болон дэд ахлагч Ж.Баярсайхан нар тус бүр 1 гоол 2 оновчтой дамжуулалт хийж 3 оноог багтаа авчирчээ.
Саппорогийн наадмын хоккейн төрөл үндсэн гуравдугаар дивизионд нийт 18 баг хуваагдан өрсөлдөж буй. Нийт зургаан баг өрсөлдөж буй 1нэгдүгээр дивизионд Монголын баг нэг хожил, нэг хожигдолтойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Одоогоор өмнөх тоглолтдоо Монголын багийг буулгаж авсан Тайландын шигшээ 2хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байгаа.
Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 18:00-аас Арабын нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглолт хийнэ.
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ
Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн Япон улсын Саппоро хотноо хоёрдугаар сарын 19-ний өдөр болсон "АОЗ-ийн 69 дэх удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал"-д оролцлоо.
Тус хуралд АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль АОЗ-ийн талаарх цаг үеийн мэдээлэл хийснээс гадна гишүүд 2017 оны 9 сарын 17-27-ны өдрүүдэд Туркменистан улсын Ашхабат хотноо болох Азийн V танхимын болон тулааны спортын наадам, 2018 онд Индонези улсын Жакарта хотноо зохиогдох XVIII Азийн наадмыг Зохион байгуулах хорооны мэдээллийг тус тус хүлээн авав.
ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Тэшүүрийн төрлийн уралдаан тэмцээнүүд Азийн наадмыг хамтран зохион байгуулж буй Обихиро хотноо явагдаж буй. Өчигдөр /2017.02.20/ нийт дөрвөн төрөлд эхний багц медалийн эзэд өрсөлдөж, манай тамирчид уралдаанаа эхлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд саяхан Алматад болсон Универсиад наадамд энэ зайн улсын рекордыг шинэчилсэн ОУХМ Я.Зоригтбаатар 37,73 секундын амжилтаар 16-р байр эзэллээ. Манай нөгөө тамирчин Д.Гочоосүрэн 18-р байрт 39,17 секундын амжилттайгаар оржээ. Энэ төрөлд нийт 21 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Япон, БНСУ-ын тамирчид медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд ОУХМ А.Зул 1:26,74 секундын амжилтаар 18 тамирчнаас 15-р байрт орсон байна.
Энэ зайд өрсөлдсөн Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 1:28, 06 амжилтаар 16-р байрт бичигджээ.
Японы тамирчид энэ төрөлд алт мөнгөн медалийг хүртэн БНХАУ-ын тамирчин удаалсан байна.
ИРАНЫ ХОККЕЙН БАГ ТЭМЦЭЭНЭЭС ХАСАГДЛАА
Хоккейн төрөлд хоёрдугаар дивизионд хуваарилагдан өрсөлдөж байсан Ираны баг тамирчдын иргэншлийн асуудлаас шалтгаалан тэмцээнээс хасагдлаа.
Азийн Олимпийн Зөвлөлөөс тухайн орныг төлөөлж буй тамирчид нь уг орондоо дор хаяж гурван жил амьдарсан байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд энэхүү шаардлагад Ираны багийн 22 тоглогчийн 13 нь нийцэх баримтыг бүрдүүлж чадаагүй ажээ.
Ираны баг тэмцээний эхний тоглолтоо Макаогийн багтай хийчихсэн байсан ч уг тоглолтын дүнг хүчингүй болгож, ялалтыг Макаогийн багт шилжүүлэх шийдвэрийг зохион байгуулагчид гаргасан байна. Ираны баг үлдсэн тоглолтуудаа хуваарийн дагуу хийж болох ч зөвхөн нөхөрсөг байдлаар буюу оноонд тооцогдохгүйгээр тоглох боломжтой болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ираны багийн оролцох эрхгүй 13 тоглогчийг талбайд гарахыг хориглон, хувцас солих өрөөнд ч оруулахгүй байгаа аж. Киргизстан болон Тайландын багт ч мөн адил ийм асуудал тулгарсан ч хангалттай нотлох баримтыг бүрдүүлж өгч чадсан бололтой.
САППОРО 2017-ИЙН ӨӨР НЭГ АМЖИЛТ
8 дахь удаагийн Азийн өвлийн наадмыг зохион байгуулж буй Саппоро хот өмнө нь олимпийн наадмыг хүлээн авч байсан туршлагатай улс. Тэд 1972 онд Өвлийн 11-р Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ.
Тэгвэл энэ жилийн Азийн наадамд нийт 1200 тамирчин өрсөлдөж байгаа нь 45 жилийн өмнөх олимпийн наадамд оролцсон тамирчдын тооноос илүү гарсан хэрэг болсон юм. 1972 онд нийт 35 улсын 1006 тамирчин Саппород ирж өрсөлдөж байжээ.
Манай улсаас тухайн үед нийт 4 тамирчин цана болон тэшүүрийн төрөлд өрсөлдөж байсан бөгөөд нээлтийн ажиллагаанд тугчаар тэшүүрийн спортын ууган гавьяат тамирчин Л.Цэнд ажиллаж байв.
Ташрамд дурьдахад Монголын хоккейн багийн тоглолтоо хийж байгаа Микахо Гимназиумд Саппоро 72 наадмын уран гулгалтын тэмцээн явагдаж байсан түүхтэй ажээ.
Эх сурвалж: МҮОХ