Монголын Арбитраар маргаанаа шийдүүлэх боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Монголын Арбитраар маргаанаа шийдүүлэх боломж бүрдлээ

-Хэрвээ санаатайгаар буруу шийдвэр гаргасан, бусдыг хохироосон бол арбитрч мөн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ-

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2017.02.21/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Засгийн газраас өнгөрсөн онд Арбитрын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснээр УИХ хуулийг шинэчлэн баталсан юм. Ингэснээр Арбитрын хууль олон улсын төвшинд хүрч, хөрөнгө оруулагчид Монголын Арбитраар маргаанаа шийдүүлэх боломж нээгдэж байна. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцсон бол Арбитрт хандах боломж нээлттэй.

Бага хуралд оролцсон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Арбитрын энэхүү хууль нь арбитрын ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт өөрөө Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд бие даасан эрх зүйн салбарыг бүрдүүлж байгааг илэрхийлсэн, танин мэдэхүйн шинжтэй томоохон арга хэмжээ боллоо. Хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагааг эрхлэх, бизнесийн аливаа гэрээ хэлцлийг хийх, түүнээс үүсэх сөрөг үр дагаврыг арилгах зэрэг асуудлыг дэлхий нийтийн худалдааны нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах боломжтой боллоо” хэмээсэн юм.

Статистик мэдээлэл сонирхвол 2016 оны эхний хагас жилд Иргэний хэргийн анхан шатны шүүх 21 мянга гаруй иргэний маргааныг шийдвэрлэсэн бол Арбитр 58 маргааныг шийдвэрлэжээ. Энэ нь хууль эрх зүйн орчин хангалттай бүрдэж чадаагүйтэй холбоотойн зэрэгцээ ихэнх маргаан зөвхөн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэсэн ойлголттой холбоотой гэдгийг оролцогчид энэ үеэр хэллээ.

Дээрх арга хэмжээний үеэр бид “Эм ди эс Хаан лекс” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржаваас дараах тодруулгыг хийлээ.

-Арбитрын хууль шинэчлэгдэн батлагдсанаар олон улсын шаардлага хангаж, Монголын Арбитрт хандах итгэлийг сэргээлээ гэж хууль тогтоогчид хэлж байгаа. Ач холбогдлыг нь та хэрхэн дүгнэж байна вэ?

-Аливаа маргааныг шүүхийн аргаар, шүүхийн бус аргаар шийддэг хоёр арга байдаг. Шүүхийн бус арга нь эвлэрүүлэн зуучлах, нөгөө нь Арбитрын журмаар маргааныг шийдвэрлэх юм. Энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар олон улсын жишигт нийцсэн хууль болж, чадсан.

Арбитрын ажиллагаа бол бусад шүүх ажиллагаатай харьцуулахад зарчмын хувьд өөр, талуудын тохиролцоонд үндэслэж, явдаг. Тэр онцлог зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн баталсан.

Ихэвчлэн манайхан Арбитрыг гадаадын этгээдүүдтэй байгуулсан гэрээ хэлцэл дээр сонгож, маргаанаа шийдүүлдэг гэж ойлгодог. Ийм тохиолдол голчилдог нь үнэн ч, дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн, байгууллагууд хоорондоо гэрээ байгуулахдаа Арбитрыг сонгож болно гэж ойлгох хэрэгтэй.

Талуудын сонгож тохиролцсон журмаар явдаг. Хэрэв сонгож тухайн журмыг тодорхойлоогүй бол энэ хуулиар тодорхойлсон журмаар явдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх чөлөө буюу талуудын эрх чөлөөг хангаж чадсан. Жишээ нь бид шүүх дээр очоод энэ шүүгчээр маргаанаа шийдүүлнэ гэж хэлж чадахгүй. Харин Арбитраар маргаанаа шийдэх бол би нэг арбитрчийг сонгоод, нөгөө тал өөр нэг арбитрчийг сонгоод тэр хоёр арбитрч дундаа даргалагч арбитрыг сонгоод шийдэж явдаг.

Энэ мэтээр талуудын тохиролцсон бүх журмын дагуу тэр тохиролцооны хуулийг зөрчөөгүй бол тэр журмын дагуу явдгаараа онцлог.

Нөгөө талаар, манайхан гаднаас зээл авах ч юм уу, хөрөнгө оруулах ч юм уу, маш олон гэрээ байгуулж байгаа. Энэ тохиолдолд Монголын Арбитрыг сонгох, Монголын Арбитрыг сонгож маргаанаа шийдүүлэх боломж илүү өргөн хүрээнд нээгдэж байгаа.

-Арбитрын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан. Энэ нь ямар боломжийг олгож байна вэ. Газрын маргаантай асуудлыг Арбитраар шийдүүлэх боломжтой юу?

-Ойролцоогоор 18 орчим хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Монголын хуульд маргааныг зөвхөн шүүхээр шийднэ гэж заасан байдаг бол талууд хэлэлцээр байгуулсан бол Арбитрын журмаар шийдвэрлүүлж болно гэсэн боломжийг нээж өгсөн нь маш чухал болсон. Үүнд бизнесийн харилцаатай хуулиудыг нэрлэж болно.

Газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлыг Арбитрын журмаар шийдвэрлэх боломжтой. Харин Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын асуудлыг гагцхүү шүүх шийдвэрлэнэ.

-Арбитрчийн үүрэг хариуцлага нэмэгдсэн гэсэн, энэ асуудлын тухайд?

-Арбитрч нар мэргэжлийн өндөр төвшинд хараат бус байдалд ажиллаж шийдвэр гаргах ёстой.

Энэ хуулийн орчинд арбитрчдын хариуцлага өндөрссөн. Хэрвээ санаатайгаар буруу шийдвэр гаргасан, бусдыг хохироосон бол арбитрч мөн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр болсон.

-Иргэд маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр ханддаг болохоос биш Арбитрт хандахгүй байна гэх яриа өнгөрсөн хугацаанд их яригдсан. Хууль шинэчлэгдсэнээр нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Ер нь бидний толгойд маргаан гарахаар шүүх дээр л зөвхөн очдог гэсэн ойлголт бий болсонтой холбоотой. Зөвхөн Арбитрыг гадаадын элемент оролцсон харилцаанд л хэрэглэдэг гэж үздэг. Тийм ч хуультай байсан.

Иймээс шинэ хуулиа маш сайн сурталчлах, хөгжүүлэх шаардлага байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад ч энэ хууль таатай орчин бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч Монголын нэг талтай гэрээ хэлцэл байгуулж байгаа шүү дээ, энэ утгаараа эрх зүйн орчинг сайжруулах нь чухал.

Монголын Арбитрын хууль нь өөрөө олон улсын жишигт нийцээгүй учраас Монголын хуулийг сонгох, Монголын Арбитрыг сонгоход тэдэнд хүндрэлтэй байсан бол одоо бид нэгэнт олон улсын хэллэгээр ярьдаг олон улсын ойлголтоор асуудлуудыг ойлгож явах нөхцөл бүрдсэн байна.

Хууль батална гэдэг нэг хэрэг, хуулийг хэрэгжүүлнэ, ойлгоно гэдэг бас том ажил. Одоо ажиллаж байгаа арбитрч, их, дээд сургуулийн оюутан, бүх л хуульчид мэдлэг мэдлэгээ сайжруулах шаардлага байна.

Хууль зүйн сайд “Арбитрын хууль батлагдсанаар арбитрын эрх зүй шинэ шатанд, шинэ институт болж хөгжих үүд хаалга нээж байна” гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээрийн тийм. Бид энэ процессын талаар мэдээлэл бага түгээдэг юм байна, хүмүүс сайн ойлгодоггүй юм байна.

Одоо хуулиа зөв хэрэглэдэг, шуурхай шийдвэр гаргадаг, зардал багатай шийдвэр гаргадаг тийм нөхцөл рүү бид тэмүүлж очих ёстой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж