БНСУ-д хоёрдугаар сарын 18-19-ны өдрүүдэд болсон ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд АНУ, Герман, Монгол, БНСУ, Япон зэрэг 15 улсын 178 тамирчин оролцжээ. 30 сая вонын шагналтай уг тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчийн хамтаар оролцож өндөр амжилтыг үзүүллээ. Манай баг тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл медаль буюу 41 медаль хүртэж, багаараа тэргүүлсэн байна. Мөн зарим төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Оюун ухааны спортын ой тогтоолтын олон төрөл байдаг бөгөөд манай тамирчид ерөнхий ангиллаас гадна багц хөзрийг 61 секундэд цээжлэх, цээж тоо, фото уншлага, оюуны зураглал зэрэг олон төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.
Энэ удаагийн тэмцээнд багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баасандорж, туслах дасгалжуулагч М.Уранбилэг ажилласан бол багийн бүрэлдэхүүнд 2016 оны өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер зэрэг чадварлаг тамирчид багтсан байна. Мөн 4-5 сар хичээллэж буй шинэ суралцагчид байжээ.
Ч.БОЛ