Индиго гэж ер бусын онцгой чадвартай, мэдрэмж өндөр хүүхдийг хэлдэг гэх нийтлэг ойлголт бидэнд бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас манай гаригт ийм төрлийн онцгой чадвартай хүүхдүүд төрж эхэлсэн бөгөөд 1970-аад оны сүүлч үеэс индиго хүүхдүүдийн төрөлт нэлээд олширчээ. Харьцангуй сүүлд төрсөн ийм зөн билигт хүүхдүүдийг кристал гэж нэрийдэх болсон. Харин одоо тэдний үр хойч болох солонгон хүүхдүүдийн эрин эхэлжээ.
Онцгой ген бүхий индиго хүүхдүүд, мөн хүний гэрлэн бүрхүүл буюу аураг судалж, энэ чиглэлээр мэргэшсэн, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, АНУ-ын сэтгэл зүйч Дорин Виртю ингэж тайлбарлаж байна.
СОЛОНГОН ХҮҮХДҮҮД
Тэд бол бидний сүнслэг биеийн биет хувилбар, бидний оюун санааны бодит жишээ. Солонгон хүүхдүүд өмнө нь манай гариг дээр хэзээ ч аж төрж байгаагүй, тэд бол кристал аав, ээжээс төрсөн онцгой зөн билигт хүүхдүүд юм. Тэд хэнээс ч айдаггүй, хэнээс ч хамааралгүй. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчлэхээр ирсэн бяцхан аватарууд. Зөвхөн өгөх гэж л энэ дэлхийд ирсэн солонгон хүүхдүүд оюун санаа, ухамсрын хамгийн дээд түвшинд гэгээрсэн байдаг.
(Кристал эцэг, эхээс солонгон хүүхэд төрдөг гэхээр одоо ийм төрлийн онцгой чадвартай хүүхдүүд дөнгөж мэндэлж эхэлж байна)
КРИСТАЛ ХҮҮХДҮҮД
Тэдний хамгийн чухал, бусдын анхаарлыг татдаг зүйл нь нүд. Насандаа ахадсан гэмээр хэрсүү, нэвт ширтсэн, том алаг нүд. Кристал хүүхдүүдийн нүд таныг соронз мэт татаж, таны оюун санаа түүнд ховсдуулна. Тэдний өмнө та зүгээр л буугаад өгмөөр санагдана. Магадгүй та ийм онцгой хүүхдүүдтэй олон удаа таарч байсан байх. Учир нь аз жаргалаар бялхсан, гэрэл гэгээ цацруулсан, өрөвч энэрэнгүй кристал хүүхдүүд одоо эхнээсээ нас биед хүрч байгаа.
(Цаг хугацаагаар ангилбал 1998-2008 оны хооронд кристал хүүхдүүд хамгийн олон төрсөн гэж үздэг)
ИНДИГО ХҮҮХДҮҮД
Арай ахмад үеийнхнийг индиго гэж тодорхойлж байна. Гэхдээ дийлэнх нь 1970-аад онд төрсөн байдаг. Зарим талаар кристал хүүхдүүдтэй төстэй. Тэдний аль аль нь маш эмзэг, ер бусын мэдрэмжтэй, амьдралын чухал зорилго тэмүүлэлтэй. Гол ялгаа нь тэдний зан төрх. Индигочууд төрөлхийн дайчин чанартай. Учир нь тэд шударга үнэний гачигдалд орсон төр засаг, боловсрол, хууль, эрх зүйн системийн доголдлыг арилгахаар дэлхийд ирсэн юм. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд тэдний дотор зайлшгүй дайчин чанар шингэсэн байх учиртай.
(Индиго хүүхдүүд 1970-аад оноос хойш төрсөн гэж үздэг)
Өөрчлөлт, шинэчлэлийн эсрэг, уламжлалыг сахигчид индигочуудыг ойлгохгүй байх нь элбэг. Индиго хүүхдүүд маш эмзэг байдаг тул тэднийг хэт их анхаарал халамж шаардах сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношилж, сэтгэл заслын элдэв эмчилгээнд хамруулах нь ч бий. Харамсалтай нь, сэтгэл заслын эмчилгээ хийлгэснээр индигочууд төрөлх чадвараа алддаг. Тэдний гайхалтай торгон мэдрэмж, төрөлхийн онцгой зөн билиг, дайчин чанар нь үгүй болдог.
Харьцуулахад, кристал хүүхдүүд баяр баясгалантай, тайван амгалан зан төрхтэй. Мэдээж үе үе дүрсхийн уурлах боловч тэд өрөвч энэрэнгүй сэтгэлтэй, харилцахад хялбар, амархан ойлголцдог. Кристал хүүхдүүдийг индигочуудын эхлүүлсэн шинэчлэлийн замыг улам гэрэлтүүлэх үүрэгтэй гэж тодорхойлдог. Эхлээд, индигочууд шударга зарчим алдагдсан бүхнийг засч залруулж, жим гаргасан. Тэр жимээр кристалууд алхаж, илүү тайван, илүү амар амгалан, аюулгүй эх дэлхийг бий болгохын төлөө амьдарч байгаа. Харин одоо тэдний үргэлжлэл, үр хойч болох солонгон хүүхдүүд өмнөх үеийнхний дутуу бүхнийг гүйцээхээр ирсэн гэгдэж байна. Ерөөс тэдний зорилго бол эх дэлхийг иж бүрнээр нь эмчлэх явдал.
“Индиго”, “Кристал” болон “Солонгон” гэж гурван үеийг өнгөөр тодорхойлохын учир нь тэдний ауранд давамгайлах өнгө болон энергийн хүрдтэй холбоотой.
Индиго хүүхдүүдийн ауранд индиго хөх өнгө давамгайлдаг. Энэ нь хүний биеийн духны голд, хоёр хөмсөгний голд байрлах зургаа дахь чакраны өнгө юм. Гурав дахь нүд, зургаа дахь мэдрэхүй хэмээн нэрлэдэг энэ чакра зөн билиг, бусдын энергийг мэдрэх, далд увидасыг удирддаг. Индиго хүүхдүүдийн дийлэнх нь зөн билигтэй байдаг.
Харин кристал хүүхдүүдийн аура сүүн цагаан тунгалаг өнгөтэй. Маш олон өнгөөр туяарч харагдана. Нохой айдсыг үнэрлээд мэддэг шиг кристал хүүхдүүд шударга бус байдлыг онцгой мэдэрнэ.
Солонгон хүүхдүүдийн гэрлэн бүрхүүл солонгорсон туяа цацруулдаг. Тэд эрүүл мэндийг тэнцвэржүүлэх замаар бусдыг анагаах, эмчлэх онцгой увидастай гэж Дорин Виртю өөрийн гаргасан номдоо бичжээ.
С.ЦЭЛМЭГ