Трампын бодлогыг эсэргүүцэгчдийг ажлаас халав

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Трампын бодлогыг эсэргүүцэгчдийг ажлаас халав

“Цагаачгүй нэг өдөр” нэртэй Эсэргүүцлийн жагсаалд оролцсоны улмаас 100 гаруй хүнийг ажлаас нь халсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Эсэргүүцлийн акц өнгөрсөн Пүрэв гариг буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон бөгөөд энэ өдөр цагаач иргэдийн ажилладаг олон кафе, ресторан, дэлгүүр эсэргүүцлийн хэлбэр болгон ажилдаа очоогүй байна. Энэ нь АНУ-ын эдийн засагт цагаач иргэдийн гүйцэтгэх чухал болохыг нотлохыг зорьсон арга хэмжээ байжээ.

Гэсэн ч ажил олгогчид эсэргүүцлийн жагсаалд оролцсон ажилчдаа халсан байна. Тухайлбал, Коммерс Сити хотын барилгын JVS Masonry компанийн эзэн Жим Серовски харамсах зүйлгүйгээр 30 гаруй ажилчнаа халсан хэмээн CNN агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Гэхдээ тэрбээр хэрвээ ажил хаявал ажлаас нь хална гэдгийг урьдчилан сануулсан гэжээ. “Хэрвээ компанийн эсрэг, багийн эсрэг байвал та манай багийн биш гэдгийг би тэдэнд хэлсэн” хэмээн Жим Серовски ярьжээ.

Оклахома мужийн Талса хотын ресторануудад ажиллаж байсан 12 хүн мөн ажлаасаа халагдсаныг Fox News мэдээлсэн. Эдгээр ажилчид бүгд Латин Америкаас ирсэн цагаачид байсан ажээ.

Теннеси мужийн Ноленсвилль хотын барилгын будаг, засвар үйлчилгээ эрхэлдэг компанид ажиллаж байсан 18 хүн мөн халагдсаныг NBC мэдээллээ.

Ажилчид нь ирээгүй шалтгаанаар том хотуудын ресторанууд өнгөрсөн Пүрэв гаригт ажилласангүй. Тэр битгий хэл Пентагоны байранд байдаг хэд хэдэн кафе ажиллаагүй өнжжээ.

Цагаач эзэнтэй ресторан, дэлгүүр, кафенууд харин ажилчдаа халаагүй байна. Тэд цагаач ажилчдынхаа талд байгааг ийнхүү харуулсан байна.

Энэ бүхэн Ерөнхийлөгч Трампын цагаачдын эсрэг бодлогыг эсэргүүцэж байгаа хэлбэр юм.

Ойрын өдөр дахин ийм акц болно гэж хэвлэлүүд мэдээлжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж