Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр /2017.02.21/ Мэдээлэл технологийн үндэсний паркт боллоо. Энэхүү зөвлөгөөнд мэдээлэл холбооны сүлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, Монгол шуудан, Радио телевизийн үндэсний сүлжээ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын төвийн болон орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн нийт 125 хүн оролцлоо.
Энэ салбарынхан мэдээлэл технологийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилт тавьсан байна. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Цаашид салбарынхаа эрдэмтэн докторыг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн Цахим засгийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар болжээ.
Мэдээлэл технологийн салбарт хамаарах томоохон хуулийн нэг гэж хэлж болох Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдвал радио, телевиз, харилцаа холбооны бүхий л асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хэлж байсан юм.
Мөн Засгийн газрын зүгээс “Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025” баталсан билээ. Энэ бодлогын бичиг баримтаа хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар удирдлагууд нэг доор уулзаж ярилцаж байгаагаараа ач холбогдолтой чуулганыг зохион байгуулагчид хэлж байлаа.
Т.НОМИН