-Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Г.Маралмаад оноосон 23 жилийн ялыг хүчингүй болгож, шүүхээс цагаатгагдсан Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзлээ-
Нийслэлийн Давж заалдах шатны шүүх одоогоос 12 хоногийн өмнө /2017.02.09/ дөрвөн настай охиноо хойд эхтэй нь нийлж, зодон аминд нь хүрсэн гэх Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гарган, баривчилжээ.
Түүнийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь /2015.10.07/ хэрэгсэхгүй болгож, цагаатгасан билээ. Харин Т.Цогтын хамтран амьдрагч талийгаач охины хойд ээж Г.Маралмаад анхан шатны шүүхээ 23 жилийн ял оноосон шийдвэрийг гаргасан байдаг.
Г.Маралмаа дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр шинэ нотлох баримт дэлгэсэн байна.
Энэхүү гомдлыг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцаасныг тус шүүхээс мэдээлэв. Г.Маралмааг үргэлжлүүлэн хорьж буй аж.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлыг няглуулахаар буцаажээ.
Харин шүүхээс цагаатгагдсан Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзжээ. Г.Маралмаа гомдол гаргахдаа Т.Цогтыг бүсээрээ талийгаач охиныг зоддог байсан гэж мэдүүлсэн аж. Тиймээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтыг цагаатгасан байсныг болиулж, шүүх хурал болтол хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, байцаалт авч эхэлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал, Г.Маралмааг хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнийг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорихоор болсон юм. Харин охины төрсөн эцэг Т.Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ч түүнийг цагаатган, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г буцаан олгохоор болсон байна. Мөн Г.Маралмаагаас 4 сая 646 мянган төгрөгийг гаргуулж талийгаачийн ээж Б.Өнөржаргалд олгох, Т.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхээс шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хааж байсан юм.
Д.УУДАМ