Завхан аймгаас улсын аварга малчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Завхан аймгаас улсын аварга малчид тодорлоо

Завхан аймаг энэ жил малаа таван төрлөөр өсгөж, 3 сая 400 гаруй мал тоолуулсан байна. Сар шинийн босгон дээр өнөө жил тус аймгаас улсын аварга малчин зургаа, алтан төлийн эзэн зургаа тодорчээ.

Завхан аймаг энэ жил зудархаг, цастай байгаа ч малчид бэлтгэл сайтар базаасны хүчинд малын хорогдолгүй өвөлжжээ. Гэхдээ тайван суух хараахан болоогүй, хавар хаяанд ирсэн тул хэрхэн хорогдол багтай урин цагтаа золгох вэ гэдэг асуудал орон нутгийн өмнө тулгарч байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сум, багт ажиллаж малчдын бэлтгэл байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай нөхцөлд орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн байна.

УИХ-ын дэд дарга малчидтай хийсэн уулзалтын үеэр аварга малчин,алтан төлийн эздэд төр засгийн шагналыг гардуулан өглөө.

50 гаруй жил мал маллаж байгаа Идэр сумын Загастай багийн малчин Г.Сандаг-Очир гуай улсын аварга малчнаар тодорсон. Тэрбээр ээжээсээ 12-уулаа,түүний төрсөн эгч Г.Юнгмаа 1989 онд улсын аварга малчин болж байсан бол 2015 онд төрсөн дүү нь ч мөн адил улсын аварга малчин болж байжээ.

Малчид цаг зуурын бэрхшээлийг ажиралгүй, үнэнчээр тууштай хөдөлмөрлөж чадвал эрдэнэт мал сүрэг өсдөг гэж аварга болоод алтан төлийн эзэд ярьж байв.

Тоо хөөцөлдөхөөс илүүтэй малынхаа чанар чансааг сайжруулж, дотооддоо бүр цаашлаад гадаадад экспорт хийж хүн амынхаа хэрэгцээг хангах нь малчин бидний өндөр хариуцлагатай үүрэг бөгөөд зорилго юм хэмээн малчид онцолж байлаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж