Бизнесмэн түшээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

76:1 - БАТНАСАН

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасанг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд Ховд аймагт нэр дэвшин, парламентад сонгогдсон түшээ бол О.Батнасан юм. Багш, эрх зүйч мэргэжилтэй ч бизнес эрхэлж явсан он жилүүд нь олон. Үүсгэн байгуулсан “Кондитер Улаанбаатар” ХХК нь ОХУ-аас чихэр импортоор оруулж ирдэг.

Улс төрд хожуу хөл тавьсан ч, анх удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялсан хоншоортой эр. Ялалт байгуулахад нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тус их байсан тухай яриа бий. Улс төрийн талаар “А” ч үгүй түүнийг С.Бямбацогт гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа зөвлөхөөрөө авч, ажиллуулснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх квоттой ч болсон аж.

Анх бүлгийн даргын зөвлөх болоход нь МАН дотор эргэлзэж, тээнэгэлзсэн олон нүд угтсан нь 2012 онд Ардчилсан намд элсэн, Ховд аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөх боломж хайн гүйж явсантай холбоотой.

УИХ-ын гишүүн О.Батнасан айлын ууган хүү. Эцэг Ц.Отгоо нь Ховд аймгийн Булган сумаас төрсөн анхны эрдэмтэн юм. Дунд сургуульд суралцаж байхад аавынх нь зураг сургуулийн хананд хадаатай. Хичээл хийхгүй зүггүйтэхэд багш нар нь “Эрдэмтний хүү ийм байх ч гэж дээ” хэмээн зэмлүүлж явсан. Харин арван жилээ төгсөөд Архангай аймгийн Багшийн сургуульд суралцсанаар багш мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч эхэлжээ.

Тэрбээр хоёрдугаар курст элсэн суралцсан жилээ Архангай аймгийн Эвлэлийн үүрүүдийг татан буулгахад гар бие оролцон оюутны зөвлөл байгуулан, 1990 оны цагаан морин жилийн МХЗЭ-ийн XX их хуралд төлөөлөгчөөр сонгогдож явсан байна. Энэ нь ардчилсан хувьсгалыг дэмжиж явсантай холбоотой аж.

Багшийн коллежийг төгссөнийхөө дараа Нийслэлийн 82-р сургуульд багш Замын цагдаагийн газарт сургагч багшаар ажиллаж байжээ. Гэхдээ багш мэргэжлээр ажилласан жил нь тун цөөн.

Багшийн цалингаар амьдрал авч явахад бэрх байсан тул бизнес эрхэлж эхэлсэн. Арав гаруй жил хоол, нойргүй зүтгэсний хүчинд “Кондитер Улаанбаатар” ХХК нь хөл дээрээ босож, эдүгээ 70 гаруй ажилтантай болж, томорчээ.

Бизнес эрхлэхийн хажуугаар эрх зүйч мэргэжилтэй болсон тул улс төрд орох сонирхол өвөртөлж, будилж явсаар 2014 онд МАН-д элссэн.

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө бусдынхаа жишгээр нутгийнхандаа нүүрс, 40-ын бидон гээд юм, юм л тарааж байжээ.

Сонгууль ч болж, тойрог хуваарилахад Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Ш.Адьшаатай таарчээ. Ш.Адьшаа өмнө нь МАН-ын гишүүн байсан.

2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөх болоход намаас нь боломж олгоогүй тул гарсан аж. Тухайн сонгуульд Ш.Адьшаа бие даан өрсөлдсөн ч цөөхөн сонгогчийн саналаар санал дутаж, ялж чадаагүй.

Харин 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж даагаа нэхэхэд МАН-аас нэр дэвшсэн О.Батнасантай нэг тойрогт таарсан. Сонгогчид “О.Батнасан Ш.Адьшааг бардаг болов уу, яадаг бол” гэцгээн ярьж байсан ч ялж, сайд С.Бямбацогт ч хэлсэндээ хүрч, чаджээ. Ингэж чихрийн худалдаачнаас хууль тогтоогч болжээ.

Ховдчуудын саналыг татахад өнгөрсөн хугацаанд бусадтайгаа нийлж, нэгдэн хийж, бүтээсэн ажил нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Одоо тэрбээр Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль
  • Архангай аймаг дахь Багшийн коллеж
  • Монгол Улсын Боловсролын их сургууль
  • Монгол Улсын Их сургууль
  • Чингис хаан дээд сургууль багш, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1994 онд Нийслэлийн 82-р сургуульд багш Замын цагдаагийн газарт сургагч багш
  • 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Алтангадас одон

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж