Монгол Улсад 85 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Телевиз, радиогийн хөтөлбөрийн хяналтыг хэрхэн хийж байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдоржоос тодрууллаа.
Дашрамд дуулгахад Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна. Энэ хуулиар өргөн нэвтрүүлэг болон, сувгийн телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэх нь.
-Телевиз, радиогоор цацагдаж байгаа хөтөлбөрийн хяналтыг хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос программын хяналт хийдэг, контентын хяналт хийдэггүй. Өөрөөр хэлбэл радио телевизэд программын хяналт тавьдаг. Одоогийн байдлаар нийт программд эзэлж байгаа рекламын хувь хэмжээ, өөрийн бүтээлийн хувь хэмжээ, монгол контентын хувь хэмжээнд хяналт тавьдаг. Бусад гадаад контентын хувьд оюуны өмчийн зөрчилгүй байх шаардлага тавьдаг. Хуулиар энэ чиглэлийн тогтоосон хяналт байхгүй. Одоогийн байдлаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Тэр хуулиар өргөн нэвтрүүлэг болон, сувгийн телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулахаар оруулж өгсөн. Программын хяналт хийх байгууллагаа жил бүр сонгон шалгаруулдаг. Сүүлийн хоёр жилийн турш “Maxima consulting”-аас хяналт тавьж байгаа. Тус компанийн зүгээс өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгийн эрхэлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд /нийгэм, эдийн засаг, улс төр, танин мэдэхгүй, спорт, соёл урлаг/ програмаа бэлдсэн байна уу. Уран бүтээлийн хувь хэмжээ ямар байна гэдэг чиглэлээр мониторинг хийж жил бүр зарладаг. Энэ мониторингийн хүрээн тусгай зөвшөөрлийн хяналт тавьж, сайжруулж ажилладаг. Нэг үеэ бодоход манай телевизүүд маань өөрийн бүтээл болон монгол контентын хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа. Дээр нь зөрчилгүй байхын төлөө нэлээд ахиц дэвшил гаргасан. Дараагийн шатанд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хүлээж байна. Хууль гараад ирэх юм бол өргөн нэвтрүүлгийн болон программын хяналт, дээр нь эздийн асуудлыг шийдэх боломжтой болно.
-Телевиз, радиогийн эфирт тавьж байгаа шаардлагуудыг тодруулж хэлж өгөөч.
-Телевиз, радиогийн рекламын хувь хэмжээ нэг цаг дотор 10 минутаас илүүгүй байх ёстой. Эфирийн цагт эзлэх өөрийн бүтээлийн хувь хэмжээ 40 хувиас дээш байх ёстой. Мөн оюуны өмчийн зөрчилгүй байх ёстой.
-Рекламын хэтрэлт хийсэн, өөрийн бүтээлийн эзлэх хувь хэмжээ бага гарсан зөрчил дутагдал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Рекламын хэтрэлт, өөрийн бүтээлийн хувь хэмжээ бага байх, оюуны өмчийн зөрчил дутагдал гардаг. Рекламын хэтрэлт гарсан тохиолдолд эхний удаад сануулга өгдөг. Эцсийн арга хэмжээ бол тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Оюуны өмчийн зөрчил дээр бол оюуны өмчийн мэргэжлийн байцаагч нар ажилладаг. Зөрчил гаргасан бол тэр даруйд арга хэмжээ авдаг.
Т.НОМИН