Ардчилсан намын Их хурлаас өгсөн шийдвэрийн дагуу тус намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Энэ шийдвэр нь эцсийнх биш, шилжилтийн шатанд ажлыг хамгийн сайн хийж чадна гэж үзэж, гаргасан шийдвэр гэдгээ С.Эрдэнэ дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тэрбээр “Би эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ямар ч байсан шилжилтийн шатанд ажлыг хамгийн сайн хийж чадна гэсэн хүнээ л томилсон. Ц.Тувааныг хөгшин гэж хэн хэлээд байгаа юм. Дөнгөж 40 гарч яваа, Ерөнхийлөгчийн насанд ч хүрээгүй хүн. 40 гэдэг эр хүний идэр нас. Хэн нэг хүн “Би очвол залуу, өөр хүн бол хөгшин” гэж харж болохгүй. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон залуу бас л 40 дөхөж яваа юм билээ. Энэ хоёрын насны зөрүү гарын таван хуруунд багтана. Улс орны ачааг ид үүрч яваа нэг үеийн залуусын төлөөлөл. Хэн нь гарахаараа болдог, хэн нь болдоггүй юм бэ. Ийм яриаг болих хэрэгтэй. Ажлаа хийж чадах үгүй нь үйл ажиллагаагаараа харагдана. Харин ч төрийн алба хашиж, туршлага хуримтлуулсан нь Ц.Тувааны давуу тал. Огт юу ч мэдэхгүй хүнийг үндэсний хэмжээний том намын гал тогоог барих албан тушаалд томилж болохгүй. Энэ бол маш том үүрэг, хариуцлага. Аливаа улс төрийн нам ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоог хангасан, залгамж чанартай байж үйл ажиллагаа нь хэвийн бөгөөд хүчтэй явна” хэмээжээ.
Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сард дахин хуралдаж, Ардчилсан намын дүрмийн төслийг эцэслэн батлах төлөвтэй байгаа юм.
Мөн энэ үед Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох уу, эсвэл одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх үү гэдэг асуудал эцэслэгдэх аж.
Г.ХОРОЛ