НҮБ дахь ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин таалал төгсчээ. Өнөөдөр 65 нас хүрэх учиртай байсан тэрээр орон нутгийн цагаар даваа гаригт /2017.02.20/ Нью-Йоркт албан ажлаа гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан тухай Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
Ахмад туршлагатай дипломатчийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Виталий Чуркин 2006 оноос эхлэн НҮБ дахь Оросын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Өндөр ур чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн дипломатч зуурдаар таалал төгссөнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тус улсын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор эмгэнэл гаргасан бөгөөд дэлхийн улс орнууд, тэр дундаа бодлого, зарчмын хувьд ОХУ-тай санал зөрчилддөг орны лидерүүд ч эмгэнэл илэрхийлсээр байна.
Москвад төрж өссөн Чуркин бага залуудаа Владимир Лениний тухай өгүүлэх хоёр ч кинонд тоглож, жүжигчин болох дөхжээ. Удалгүй тэр Москвагийн Олон улсын харилцааны сургуульд элсэн суралцаж, Оросын Гадаад хэргийн яамнаас дипломатчийн ажлаа эхлүүлсэн байна.
НҮБ-д төлөөлөгчөөр томилогдохоос өмнө Чуркин Канад, Бельгид Элчин сайдаар ажиллаж байснаас гадна 1990-ээд оны эхээр Югославын асуудлаарх хэлэлцээрт тусгай төлөөлөгчөөр ажиллаж байв.
С.ЦЭЛМЭГ