Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ?

Үндэсний  их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын өмнө Булган, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар, Завхан зэрэг аймгууд баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бол бусад аймгуудын баяр наадам долдугаар сарын 22-ноос эхлэн үргэлжилж, эцсийнх нь өчигдөр өндөрлөлөө. Аймгуудын баяр наадмын хүчит бөхийн барилдааны талаарх мэдээлэл хүргэе.

Архангай – Архангай аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болж 256 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат аймгийн начин Э.Ванданцэрэн түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Ж.Дагва-Очир үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Э.Мөнхбат, Завхан аймгийн харьяат аймгийн начин Э.Баасандорж нар шалгарснаар Э.Баасандорж аймгийн харцага болж, Жаргалант сумын заан Б.Энх-Амгалан, Батцэнгэл сумын харьяат н.Наранбаатар, М.Гантулга, Эрдэнэмандал сумын харьяат М.Батмөнх нар тав давж, аймгийн начин цолны болзол хангав.

Баян-Өлгий – Баян-Өлгий аймгийн 71 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Ө.Сумъяа, аймгийн хурц арслан Ш.Мурат, аймгийн арслан К.Канат, Курметбек нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256  бөх зодоглов. Барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат сумын заан М.Еркебулан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат улсын шандаст, сумын заан Б.Серик үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Цэнгэл сумын харьяат аймгийн начин Б.Бегжан, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн харцага н.Цолмонбаатар нар үлдэж, Б.Бегжан аймгийн харцага цол хүртлээ. Баян-Өлгий аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, заан нэг, харцага нэг, начин гурав шинээр төрж, аймгийн нэг харцага, нэг начин цолтон цолоо батлав.


Баянхонгор
– Баянхонгор аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Баян-Овоо сумын харьяат аймгийн заан Ч.Баасанбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Бууцагаан сумын харьяат улсын шинэ начин Ж.Чулуунбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд, Баацагаан сумын харьяат сумын заан Д.Бямбасүрэн нар үлдэж, сумын заан Д.Бямбасүрэн аймгийн харцага цолны болзол хангав. Мөн Баянбулаг сумын харьяат сумын заан А.Отгонбаатар шөвгөрч, аймгийн начин цолны болзол хангав. Нийтдээ энэ наадмаас нэг арслан, нэг харцага, нэг начин цолтон төрлөө.

Булган – Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн начин Д.Амарсайхан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Гурванбулаг сумын харьяат аймгийн заан Д.Амаржаргал үзүүрлэж, заан цолоо батлав. Шөвгийн дөрөвт Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн заан Б.Хашбат, Гурванбулаг сумын харьяат сумын заан С.Чулуунхүү нар үлдсэн бөгөөд сумын заан С.Чулуунхүү аймгийн харцага цолны болзол хангасан юм. Харин шөвгийн наймд Гурванбулаг сумын харъяат сумын заан П.Даваадорж, Дашинчилэн сумын харъяат сумын заан О.Зургаадай, Сайхан сумын харъяат Б.Хүрэлчулуун, Рашаант сумын харьяат сумын заан Н.Тулга нар үлдэж, аймгийн начин цол хүрлээ. Ийнхүү Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмаар нэг арслан, нэг харцага, дөрвөн начин цолтон шинээр төрж, нэг заан цолоо баталлаа.

Говь-Алтай – Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмын барилдаанд улсын начин С.Буянт, Г.Гансүх, Н.Баярмагнай, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Отгонбаатар нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Жаргалан сумын харьяат аймгийн начин Ш.Шинэбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Халиун сумын харьяат сумын заан Д.Буянт үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Жаргалан сумын харъяат улсын начин Ш.Тогтохбаяр, Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун нар үлдэв. Харин шөвгийн наймд Төгрөг сумын харьяат аймгийн заан В.Туяазаяа, Дэлгэр сумын харьяат сумын заан Т.Сайханжаргал, Ч.Эрдэнэсайхан, Тонхил сумын харьяат сумын заан Х.Амартүвшин нар үлдэж, аймгийн начин цол хүртэв. Ийнхүү Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, аймгийн заан нэг, аймгийн начин гурав шинээр төрлөө.

Говьсүмбэр – Говьсүмбэр аймгийн 20 жилийн ой, Сүмбэр сумын 80 жилийн ой, Боржгон-2011 гээд гурван том ой давхцсан энэ наадамд тус аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Д.Азжаргал түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат аймгийн заан Т.Баярхүү үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын харъяат улсын харцага Ө.Даваабаатар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан Т.Пүрэвсүрэн нар үлдэж, сумын заан Т.Пүрэвсүрэн аймгийн харцага цол хүртэв.

Дархан-Уул – Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зодоглосон 256 бөхөөс Увс аймгийн Ховд сумын уугуул, "Увс нуур" дэвжээний бөх аймгийн начин Н.Батсуурь найм давж түрүүлэн аймгийн арслан цолны болзол хангасан байна. Харин Төв аймгийн Баянцогт сумын харьяат, "Олимп" дэвжээний бөх улсын харцага Э.Даваабаатар үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөх билэгт" дэвжээний бөх улсын заан Д.Рагчаа, аймгийн начин Д.Загджав гишүүний хүү Соёмбо нар шөвгийн дөрөвт шалгарсан байна.

Дорноговь – Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож, тус аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын шинэ харцага А.Цацабшир түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын харьяат аймгийн арслан Бо.Батжаргал үзүүрлэлээ.  Харин их шөвөгт улсын харцага Ц.Магалжав, сумын заан Д.Энхбаяр нар шалгарчээ.


Дорнод
– Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд улсын начин Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Д.Цогзолдорж, Ж.Гансүх нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Цагаан-Овоо сумын харьяат сумын заан Г.Түмэнжаргал найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, Халхгол сумын харьяат улсын начин Ж.Гансүх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баяндун сумын харьяат аймгийн арслан Б.Батхуяг, сумын заан Батжаргал нар үлдэж, сумын заан Батжаргал аймгийн харцага цолны болзол хангалаа. Мөн сумын заан Г.Эрхэмбаяр, Ш.Нямсайхан, Батжаргал, аймгийн начин Х.Алтансүх шөвгийн наймд үлдэж, А.Алтансүх цолоо батлан, сумын заан Г.Эрхэмбаяр, Ш.Нямсайхан, Батжаргал нар аймгийн начин цол хүртлээ.

Дундговь – Дундговь аймгийн баяр наадамд  улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Ц.Улаанхүү, Г.Олзгэрэл, Түвшинсанаа нарын тэргүүтэй  улс аймгийн алдар цолтой болон залуу 256 хүчтэн зодоглож, тус нутгийн унаган хүү Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлж хурц арслан болсон бол Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэлээ. Мөн наадмын үеэр улсын начин Ц.Улаанхүү зодог тайлсан байна.


Завхан
– Завхан аймгийн 88 жилийн ойн баяр аадмын хүчит бөхийн барилдаанд тус аймгийн Нөмрөг сумын харьяат улсын заан М.Баяржавхлан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Нармандах, М.Дармаабазар, М.Батжаргал, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, Г.Эрхэмбаяр, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Ц.Содномдорж тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон барилдсанаас Нөмрөг сумын харьяат аймгийн заан М.Баярсайхан найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Мөн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Гончигдамба үзүүрлэж, Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат улсын заан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ц.Содномдорж нар шөвгөрсөн байна.


Орхон
– Орхон аймгийн 35 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг, С.Намсрайжав, улсын начин Ц.Сумъяабэйс, Б.Бадамдорж, Ж.Оргил, Э.Энхбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх  зодоглов. Барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн харцага Б.Ганхуяг тодорч, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Б.Ганзориг үзүүрлэж, заан цолоо баталлаа. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод  сумын харьяат улсын начин Э.Энхбат, Архангай аймгийн Хашаат сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар үлдэв. Харин шөвгийн наймд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг, Ховд аймгийн Мянгад сумын харьяат аймгийн харцага Н.Батсайхан, Орхон аймгийн харьяат сумын заан Сугаржав, Ховд аймгийн Чандмань сумын харъяат сумын заан Н.Тунамал-Эрдэнэ нар шалгарлаа.  Ийнхүү сумын заан Н.Тунамал-Эрдэнэ, Сугаржав нар шөвгийн дөрөвт шалгарч, аймгийн начин цол хүрстэн юм.


Өвөрхангай
– Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр нар магнайлж, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын начин М.Жамъянпүрэв, Б.Чинзориг, Ш.Батхуяг, Э.Энхбат, олипмийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Улсын наадамтай адил хэмжээний бөх барилдуулсан Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадмаар Зүүнбаян-Улаан сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээ, "АПУ" хувьцаат компанийг бөх, зүүний магнай улсын арслан Д.Ганхуяг ес даван түрүүлж, Хужирт сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх аймгийн начин Ц.Чимэддорж үзүүрлэн аймгийн арслан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Тарагт сумын харьяат улсын шинэ залуу начин Б.Сангисүрэн, Хархорин сумын харьяат сумын заан Б.Сугаржаргал нар үлдсэн бөгөөд сумын заан Б.Сугаржаргал аймгийн заан цол хүртсэн юм. Мөн заан цол хүртсэн Б.Сугаржаргалын ах сумын заан Б.Өнөржаргал, Хархорин сумын харьяат сумын заан М.Хаш-Эрдэнэ нар аймгийн харцага цолны болзол хангасан бол начин цолны болзлыг найман хүн хангажээ. Тэдгээр нь Хархорин сумын харьяат  сумын заан М.Балжинням, Нарийнтээл сумын харьяат сумын заан Б.Ганхуяг, Баян-Өндөр сумын харьяат сумын заан Т.Ядамсүрэн, Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Н.Бат-Итгэл, Бүрд сумын харьяат сумын заан Д.Ганзориг, Сант сумын харьяат сумын заан С.Наранбаатар, Баянгол сумын харъяат сумын заан Г.Пүрэвсүрэн, Архангай аймгийн Хотонт сумын харьяат сумын заан Б.Отгонтөгс нар юм.

Өмнөговь – Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Ганхуяг, улсын шинэ гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын шинэ заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын 256 бөх зодоглож хүчийг үзэн барилджээ. Уг барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Гарьд тур" ХХК-ийн бөх аймгийн заан Б.Хашбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга үзүүрлэжээ. 


Сүхбаатар
– Сүхбаатар аймгийн 69 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Бумбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Намсрайжав, Ч.Чулуунбаатар, Э.Батбаатар, Г.Батбаяр, улсын начин Н.Түмэннаст, Н.Мөнхжаргал, Ц.Анхбаяр, Ш.Зоригт, Д.Пэрэнлэйдорж, Ж.Гансүх, Д.Цогзолдорж, Л.Нямсүрэн, аймгийн арслан О.Баярхүү, Ч.Эрдэнэчулуун, Бо.Батжаргал, Ба.Батжаргал, Л.Шинэбаатар, Ж.Алтаншагай, Ц.Одбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм.  Улмаар Архангай аймгийн Ихтамир сумын харъяат "Бөхбилэгт" дэвжээний бөх сумын заан У.Батгэрэл түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн заан Т.Баасанхүү  үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа. Харин шөвгийн дөрөвт аймгийн заан Б.Бадамсүрэн, аймгийн начин Ц.Бямба-Очир нар үлдсэн юм. Ийнхүү Сүхбаатар аймгийн 69 жилийн ойн их баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож нэг аймгийн арслан, нэг харцага цолтон шинээр төрж, нэг цолтон цолоо баталлаа.


Сэлэнгэ
– Сэлэнгэ аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр, улсын шинэ харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ц.Цогтжаргал, С.Мандах, Б.Мөнхтогтох, С.Амаржаргал, Н.Цанлиг, Ш.Зоригт, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа, Ч.Баянмөнх нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос аймгийн начин гурав, аймгийн заан цолтон нэг төрж, улсын наадмын үзүүр бөх улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр аймгийнхаа тэгш ойн наадмын түрүү бөхөөр тодорлоо.

Төв – Төв аймгийн  88 жилийн ойн их баяр наадам долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Наадамд улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Э.Намжилдорж, улсын начин Ж.Отгонбаяр, Ц.Гэрэлт-Од, Б.Бадам-Очир, Б.Батбаяр, Л.Нямсүрэн  нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм. Барилдааны түрүү бөхөөр Баянхангай сумын харьяат аймгийн арслан Б.Батмөнх түрүүлж арслан цолоо баталсан бол Эрдэнэсант сумын харьяат аймгийн начин Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж, аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн начин Б.Батжаргал, Төв аймгийн Бүрэн сумын харьяат сумын заан Б.Мөнхбат нар үлдэж, аймгийн харцага цол хүртлээ. Харин шөвгийн наймд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат сумын заан Б.Нямбаатар, Өндөрширээт сумын харьяат сумын заан Д.Хүдэрбулга, Цээл сумын харьяат сумын заан Ц.Энхбат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат сумын заан Б.Батсуурь нар шалгаран аймгийн начин цол хүртэв. Ийнхүү Төв аймгийн 88 жилийн ойн наадамд хүчит 256 бөх зодоглож нэг заан, хоёр харцага, дөрвөн начин цолтон шинээр төрч, нэг арслан цолтон цолоо баталлаа.


Увс
– Увс аймгийн баяр наадамд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглолоо. Барилдааны түрүү булаалдахаар улсын наадмын сүүлийн хоёр жилийн түрүү, Баруунтуруун сумын хоёр бөх үлдсэнээс улсын арслан Б.Ганбат түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар шалгарав. Шөвгийн наймд улсын начин С.Батсуурь, аймгийн начин Цээлсүрэн, Т.Аззаяа, Т.Мөнхбаяр нар үлдсэн бөгөөд сумын заан Т.Аззаяа, Т.Мөнхбаяр нар аймгийн начин цолны болзол хангав.

Ховд – Ховд аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 512 бөх зодоглож, Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцага О.Гантулга түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн бол Ховд аймгийн харьяат аймгийн харцага З.Соёмбо үзүүрлэж, аймгийн арслан цол хүртлээ. Ховдынхон наадмынхаа түрүү бөхийг УАЗ 469 машинаар байллаа. Энэ наадмаас аймгийн хурц  арслан нэг, аймгийн арслан нэг, аймгийн харцага нэг, аймгийн начин цолтон тав мэндэллээ.


Хөвсгөл
– Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглолоо.  Наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг нар шалгарч хүчийг үзсэн юм. Өнгөрсөн жил болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн наадмаар мөн л Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нар үзүүр түрүүд үлдэж Ц.Содномдорж түрүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа Х.Мөнхбаатар даагаа авлаа. Түрүү бөхөд 10 сая төгрөгийн бай шагнал гардуулсан байна.

Хэнтий – Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 128 бөх зодоглож, Биндэр сумын харьяат сумын заан Г.Ганцоож түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол Бэрх сумын харъяат залуу бөх С.Женхан үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Баянмөнх сумын харьяат аймгийн харцага З.Наранбаатар, Т.Ганбаатар нар үлдсэн юм. Ийнхүү Хэнтий аймгийн баяр наадмаас энэ онд нэг арслан, нэг заан цолтон шинээр мэндэллээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж