Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев улсынхаа Дэд ерөнхийлөгчөөр эхнэр Мехрибан Алиевийг томилсон хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба мэдээллээ.
Азербайжаны Үндсэн хуулиар Дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй үед орлох бүрэн эрхтэй юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд Азербайжан ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон, мөн Дэд Ерөнхийлөгчийн орон тоо бий болгосон. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд болон парламентын гишүүнд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг зөөлрүүлсэн юм.
Санал асуулгад иргэдийн 25 хувь нь оролцсон ч хүчинтэй хэмээн үзсэн. Санал асуулгад оролцсон 25 хувийн иргэдийн 85 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн юм.
А.ТУЛГА