Америкийн конгрессоос “Орост барих хариу” гэсэн санаачилга гаргалаа. Тэд оросууд дунд бага тусгалын пуужинг устгах гэрээгээ зөрчлөө гэж үзжээ. Тиймээс хариу болгож цөмийн далавчит пуужинг Европт эргэн байрлуулах хэрэгтэй гэжээ.
АНУ дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээнээс гарч НАТО-гийн гишүүн орнуудад цөмийн далавчит пуужинг нийлүүлж эхлэхийг санал болгож байна. Үүний зэрэгцээ, далавчит пуужингаас хамгаалах хэрэгсэл, пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ элементийг бүтээх, АНУ-д дунд тусгалын пуужингийн шуурхай цогцолборыг бий болгоод цаашид тэднийг НАТО-гийн холбоотнуудад дамжуулах зэрэгт нэмэлт хөрөнгө гаргах саналыг дэвшүүлжээ.
Америкийн хууль санаачлагчид довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээг зогсоох, мөн “Ярс-М” баллистик пуужинг Стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах гуравдугаар гэрээний жагсаалтад оруулах зэргийн хоорондоо зөрчилдөөнтэй санал гаргаж байна.
Зохих хуулийн төслийг Конгресс, Сенатад өргөн барьжээ. Конгрессмен Майк Рожерс “Оросын холбооны улс нь Дунд болон бага тусгалын пуужинг устгах гэрээг үл биелүүлж байна. Бусад зорилгоор явуулж байгаа үйлдэлд нь тодорхой арга хэмжээ авахыг санал болголоо гэжээ. Харин Арканзасын сенатор Том Коттон “Оросын холбооны улс нь Дунд болон бага тусгалын пуужинг устгах гэрээг үл биелүүлж байгаа төдийгүй бусад зорилгоор явуулж байгаа үйлдэлд нь тодорхой арга хэмжээ авах саналыг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзжээ.
Сенатор Коттон өөрийн албан ёсны хуудастаа энэ асуудлаар нийтэлсэн мэдэгдэлд нь Флоридагийн сенатор Марк Рубио, Висконсины сенатор Рон Жонсон, конгрессмен Тед По нар өөрсдийн тайлбарыг бичиж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Том Коттоны мэдэгдэлд “Хэрэв оросууд дунд тусгалын далавчит пуужингаа туршиж, байрлуулах гэж байгаа бол бид логикоороо хариу хийх ёстой гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Гэрээг сахих ёстой Оросыг ятгаад нэмэргүй. Харин Европ дахь манай цөмийн хүчийг бэхжүүлэх шаардлагыг бид хийж болох юм. Бид оросын ухаангүй түрэмгийлэлд хатуу бөгөөд тодорхой хязгаарлалт тавих үүднээс энэ хуулийн төслийг өргөн дэвшүүлж байна” гэсэн байв.
“АНУ зүгээр суугаад Путин тэднээр тоглоод байгааг цаашид дэмжихгүй. Энэ долоо хоногт Дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээг зөрчсөн, цөмийн цэнэг зөөж болох далавчит пуужинг нууцаар байрлуулсан нь тодорхой болж байна. Энэ бол анхны үйлдэл биш, сүүлчийнх нь ч болохгүй. Тиймээс энэхүү өргөн барьж байгаа хууль нь ийм зүйлд хориг тавих юм” хэмээн конгрессмен Тед По мэдэгджээ. Америкийн хууль тогтоогчдын иш татсан мэдээллийг New York Times сонинд нийтэлсэн байлаа.
Сонины мэдээлснээр, гадаад төрхөөрөө “Искандер” пуужинтай төстэй оператив-тактикийн хуурай газрын хоёр дивиз байгаа бөгөөд түүнээс дунд ба бага тусгалын пуужинг хөөргөж болох гэнэ.
Тийм цогцолбор байгаа бол 1987 онд хоёр орны хооронд байгуулсан дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээг зөрчсөн хэрэг болох юм. Тэр гэрээгээр хуурай замын байрлалын 500-5500 км-ын тусгалтай баллистик пуужинтай байхыг талуудад зөвшөөрөөгүй байна.
Наяад онуудад АНУ Першинг пуужинг баруун Германд байрлуулж байсан аюул энэ удаад зүүн Европын орнуудаас Орост занал хийх болно. Ер нь Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Зүүн Европт байрлуулж байгаа нь АНУ өөрөө тэр гэрээг зөрчсөн хэрэг гэдгийг Путин жилийн өмнө хэлээд хариу арга хэмжээ авна гэсэн юм. Энэ системийг довтолгооны хэрэгсэл болгон ашиглаж болно гэж Путин хэлээд байгаа билээ.
"Сүүлийн үеийн өрнөсөн үйл явдал байдал сайжирсангүйг харууллаа. Би Румынд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн радио локацийн станцыг ашиглалтад оруулсныг хэлж байна.
Манай түгшүүрийн талаар бид олон удаа ярьж, хамтран ажиллах саналыг дэвшүүлж байсан. Бидний саналыг хүлээн аваагүй юм. Хэдэн жилийн өмнө тэд Ираныг аюулаас хамгаалахын тулд уг систем нь АНУ ба Европт хэрэгтэй гэж байсан. Гэтэл одоо хэлээд байсан Ираны аюул нь хаана байна вэ? Тэр байхгүй. АНУ өөрсдөө санаачилга гарган Ирантай гэрээ байгуулсан юм. Зөв үйлдэл хийж байсан учир бид дэмжсэн. Гэтэл аюул нь алга болсон ч тэд системээ босгосоор л байна.
Энэ тохиолдолд зорилго нь зүүн Европын зах хязгаарт шилжиж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс өмнө нь амар тайван амьдарч байснаа санах хэрэгтэй. Одоо ПДХС-ийн тэр элементүүдийг байрлуулсны дараа ОХУ-д учирч байгаа аюулыг бид аргагүйн эрхэнд бодох хэрэгтэй боллоо.
Хоёрдугаарт, энэ бүгд нь дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээг зөрчиж байна. Маш богино хугацаанд Румын, Польшид радил локацийн станц байгуулагдсаны дараа пуужин харвах төхөөрөмжид дунд ба бага тусгалын пуужинг байрлуулах боломжтой болж байна. Энэ бол бидэнд нэмэлт аюул учруулж байна. Бид тэнд юу болж байгааг мэдэхгүй. Румын, польшууд ч өөрсдөө мэдэхгүй.
Бид үүнд татагдан орохгүй. Бид өөрсдийн замаар маш нямбай явах болно. Бид арми, флотыг зэвсэглэн шинэчлэх санхүүжилтийнхээ хүрээнд төлөвлөгөөгөө өөрчлөн тэр аюулыг анхааралдаа авах болно” хэмээн Путин мэдэгдэж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР