Сэтгэлийн засал жилийн заслаас ч хүчтэй

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн засал жилийн заслаас ч хүчтэй

-Хамба лам “Бие, хэл бол сэтгэл гэдэг агуу зүйлийн зарц юм. Сэтгэлд юу бодогдож байгааг бие, хэл үйлддэг. Тиймээс хамгийн гол нь сэтгэлээ ариусгах хэрэгтэй” гэдгийг онцоллоо-

Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө монголчуудад маань ээлтэй сайхан байхыг зурхайчид зөгнөжээ. Зурхайчид тухайн жилийн өнгө ард олны амьдралд хэрхэн нөлөөлөхийг ийн зурахаас гадна хүн бүрт хамаарсан зурхайн зурлагыг гаргадаг. Төрсөн жил сар, суусан суудлаасаа шалтгаалаад хүн болгоны төөрөг тавилан ялгаатай. Чухам тиймээс цагаан сарын шинийн 15-ны дотор засал номоо хийлгэж, явдал мөрөө тэгшитгэдэг уламжлалтай. Жил орсон, суудал өнцөгдсөн, огторгуйд суусан хүмүүс онцгой засалтай байдаг гэдгийг хүн бүр шахам мэддэг. Мэддэг болохоор засал хийлгэдэг. Засал хийлгэхийн тулд лам бөө, мэргэн түргэн гэж итгэсэн хүнээ багш хэмээн өргөмжилж жилдээ нэг удаа зорин очдог. Жилийн турш ажил, амьдралыг даах засал учраас өгөх өргөл барьц ч бага биш.

Буддын шашны сүм хийдийн засал номын ханш ерөнхийдөө ойролцоо. Хийморийн сангаас эхлээд Антанганжуур хүртэлх бүхий л номыг уншуулахад тодорхой өртөг зардалтай байдаг бөгөөд нэг хүн багадаа таван ном, дээд тал 10-15 ном уншуулж байж жилийн засал гүйцдэг. Ном уншуулах үнэ ханшийг 500 төгрөгөөс 10 мянган төгрөгөөр тооцоход чамгүй хэмжээний өргөл болно. Тусгайлан засалтай хүмүүс бол жилийн заслаа хийлгэхийн тулд 100 мянга давсан өргөл өгөх нь бий. Зарим сүм хийд ураг төрөл, ахан дүүсээрээ хамтдаа засал хийлгэх ханш тогтоож, жилийн заслыг нь 300-500 мянгаар үнэлсэн нь ч бий. Ингэхдээ нэг бүлийн бүх хүмүүсийг жил жилээр нь ялгаж засал хийхийн дээр тавгийн идээ, халуун цайгаар үйлчилж өдрийн турш ном айлддаг жишиг тогтоожээ. Шинийн 8,15-ны дүйчин өдөр, Балжинням, Дашнямтай билэгт сайн өдрүүдэд орон хийдийн ачаалал их байдгаас бурханы ном унших, жилийн засал хийх дуудлагын үйлчилгээ хүртэл нэвтэрч амжжээ.

Эндээс харвал жилийн засал хийлгэнэ гэдэг сүсэгтэн олонд хамгийн түгээмэл зан үйл ажээ. Сүсэггүй байлаа ч олны жишгийг дагаад ном уншуулж орхидог нь олон. Заслаа хийлгээд, арцаар ариулж, рашаан хүртчихээр ажил үйлс аяндаа бүтээд байх шиг мэдрэмж төрөх нь бий. Гэвч засал ном хийлгэж, лам бөөгийн үйл хийлгэхийн зэрэгцээ сэтгэлийн ариусал бүхнээс чухал гэдгийг энэ удаад онцлохыг хүслээ.

“Алтан унжлагат” хэмээн гал тахиа жилийн шороон үхрийн зурлагын хувьд үхэр нь: толгой, ходоод, цулбуур нь улаан; үхрийн эвэр, чих, сүүл, туурай, шир, бие, ногт нь цагаан; омруу нь ногоон; үхэр нь амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан. Үхэр хариулаач нь: цагаан биетэй; үс нь чихнийхээ араар хийссэн; улаан дээлтэй; хөх бүстэй; ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүнийг бүсэндээ зүүсэн; малгайгаа буулгаж өмссөн; унгасаар томсон цагаан бургасан иштэй шилбүүр барьсан; хүч чадал багатай; идэр залуу; үхрийнхээ өмнө яаравчлан гүйж яваагаар дүрслэгдсэн байна.

Зурлагаас шинжихэд ирэх жилийн хувьд ард түмэн, сүсэгтэн олны амьдрал ахуй сайхан, Монгол орны эдийн засаг тогтворжиж, таатай байна гэж хэлж болно. Залууст сайн, нялхаст дунд зэрэг, өвгөдөд тааруу жил байх нь. Цаг агаарын хувьд ирэх жил хур тунадас, ургамал, тариа будааны гарц арвинтай байх шинжтэй байна. Ирэх жилийн сүүлээр цас ихтэй, өвөлжилт хүнд байна гэж зурхайн толинд буужээ.

Хэдхэн хоногийн өмнө Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц сүсэгтэн олонд хандаж “Монгол ёс заншил-Үүрэг хариуцлага” сэдвээр лекц уншихдаа “Хүмүүний бие, хэл, сэтгэл гурав ариун байх нь буддын угсуургатай. Надтай харьцаж байгаа бүхий л хүмүүсийн харилцаа миний бие хэл сэтгэл гурвын үйлээс болж янз бүр болдог. Жишээлбэл, би биеэ авч явж чадахгүй олны дунд нүүр царайгаа харгис догшин юм шиг байлган гараа зангидсан ийм байх юм бол миний эргэн тойрны хүмүүс энэ дандаа хүн хүндэтгэдэггүй, бусдыг дээрэлхэх шинжтэй байдаг гээд тэд тийм л хөдөлгөөн хийж эхэлдэг. Яагаад гэвэл би удирдан зохион байгуулж гадна талынхаа ертөнцийг тийм эвгүй, өөрийгөө хүндэтгүүлэхгүй байдалд оруулж байгаа. Миний хэл хэчнээн бусармаг хүний харааж, зүхэн, доромжилж, шоолдог байх юм бол тэр орчин дандаа энэ ингэдэг гээд над руу эргээд тэр үгс улам хүчтэйгээр доромжлон, шоолж эргэдэг. Бие, хэл бол цаад талдаа сэтгэл гэдэг агуу зүйлийн зарц юм. Сэтгэлд юу бодогдож байгааг бие, хэл үйлддэг. Тиймээс хамгийн гол нь сэтгэлээ ариусгах хэрэгтэй” хэмээн сургасан юм.

Сэтгэлдээ хиргүй тунгалаг байхыг бүхнээс түрүүн чухалчилсан хамба ламын үгнээс сүсэг бишрэл ч хэлбэр төдий биш үнэн бодитой байхын чухлыг өгүүлж байна. Сэтгэлээ засч амжаагүй бол жилийн засал хийлгэж, өргөл барьц өгөөд ч зам мөр нь саадтай хэвээр байна гэдгийг ухаарсан хүн хэд хэчнээн бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж