Н.Алтанхуяг байцаалтаа өгч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг байцаалтаа өгч дуусчээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн хэрэгт буруутган шалгаж буй. Улмаар Н.Алтанхуяг өнөөдөр /2017.02.23/ 10.30 цагт АТГ-т гурав дахь удаагаа ирж, байцаалт өглөө. Түүнийг  байцаах ажиллагаа зургаан цаг орчим үргэлжилж, 16.00 үед дууссаныг эх сурвалж мэдээллээ.

2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан гэж АТГ үзжээ. Уг хууль бус тендерийн ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан гэж сэжиглэн шалгах үндэслэл АТГ-д байгаа гэнэ.

Тодруулбал, "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийнх нь компани болохыг АТГ мөрдөн шалгах явцдаа тогтоожээ.

Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан. Тендерт өөрийн ойр дотны хүмүүсийн компанийг шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн хэрэгт шалгаж буйг албаны эх сурвалж тодотголоо.

Д.УУДАМ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж