“Нүүдэлчдийн өвөл 2017” наадам болно

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчдийн өвөл 2017” наадам болно

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Нүүдэлчдийн өвөл 2017” наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчдийн өвөл 2017” наадамд бүргэдийн баяр, тэмээний баяр, мөсний баяр багтах ажээ.

Тэгвэл “Бүргэдийн баяр 2017” наадам ирэх сарын 05-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох юм байна. Энэхүү бүргэдийн баяр нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд казак ард түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан, таниулж байгаагаараа онцлог аж.

Бүргэдийн баярт оролцсоноор казак гэрт зочлох, бүргэдтэй зураг авхуулах, морин чаргаар аялах, мөсөн хотхонд тоглох боломжтой юм байна. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал гэх олон тэмцээн уралдаан болох ажээ.

Харин “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Энэхүү мөсний баяр нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбооны гишүүн Л.Уянгахүү “Манай мөсний баярын гол онцлог нь Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийг хамгаалах, унаган төрхийг хадгалах, орон нутгийн иргэдэд мэдлэг олгох, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэгдэж байгаа . Мөн Хөвсгөлийн гайхамшгийг мөсөн урлагаар бүтээж, мөсний урлагийг олон түмэндээ таниулах болно” хэмээлээ.

Энэхүү мөсний баярт оролцсоноор мөсөн гэрт зочлох, мөсөн аяга, хундаганд сархад, ундаа зооглох, мөсөн дээгүүр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд болон юм байна. “Нүүдэлчдийн өвөл 2017” наадмын дараагийн арга хэмжээ бол тэмээний баяр. Энэхүү баяр нь ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдах аж. “Тэмээний баяр 2017” наадамд оролцохоор гадаадын орноос 86 жуулчин бүртгүүлсэн аж.

Тус хэвлэлийн хурлын үеэр Гайхамшигт говь, аялал жуулчлалын холбооны гишүүн Н. Ариунсанаа “Тэмээний баяр 2017” наадмыг 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өргөн дэлгэр тэмдэглэе гэж бодож байсан. Харин Монгол Улсын хэмжээнд зарим бүс нутгуудад малын цэцэг өвчин тархсан. Үүнээс болоод энэ жилийн тэмээний баярыг хязгаарлагдмал түвшинд зохион байгуулж байгаа. Ирэх жил “Тэмээний баяр 2018” наадмыг Монгол Улсынхаа өнцөг булан бүрт суугаа, тэмээчин ард түмнийгээ хамруулах болно” хэмээлээ.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж