Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд Тайванийн Засгийн газраас брайль хэвлэгч машин бэлэглэснийг өнөөдөр /2017.02.22/ гардуулан өглөө. Тус улсыг төлөөлж Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын III нарийн бичгийн дарга Чуан Хао Юн, төлөөлөгч Хуан Куо Рун нар бэлгийг гардуулсан юм. Энэхүү хэвлэгч машин харааны бэрхшээлтэй иргэдэд ихээхэн дэм болж, тэдний суралцахад нэмэр болох төхөөрөмж юм. Уг төхөөрөмж 15 мянган ам.долларын үнэтэй аж.
Энэхүү арга хэмжээний үеэр Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын III нарийн бичгийн дарга Чуан Хао Юн болон Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэл нартай ярилцлаа.
ТАЙВАНЬ-МОНГОЛЫН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ОЛОН САЛБАР БИЙ
Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын III нарийн бичгийн дарга Чуан Хао Юн хэлэхдээ:
-Тайвань-Монголын хооронд хамтран ажиллаад олон жил болж байна. Харин анх удаа Монголын хараагүйчүүдийн холбоонд хандив өргөлөө. Бид өнгөрсөн онд Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэлтэй холбогдож, хамтран ажиллах талаар ярилцаж байсан. Тухайн үед хараагүй иргэдэд хамгийн түүн хэрэгтэй байгаа нь брайль хэвлэгч машин байсан. Өнөөдөр энэхүү машинаа хандиваар бэлэглэж байна. Бид харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг шуурхай хүлээн авахад тусалж байгаад баяртай байна. Тус холбоонд хандивын арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Энэ ажил эхлэл гэж яригдаж байгаа боловч цаашид бид олон зүйл дээр хамтран ажиллах болно. Олон жил тус холбоотой мэргэжил сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, бариа заслаас эхлээд иргэдийг сургасан ажлууд бий. Бидний хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
БРАЙЛЬ ТӨХӨӨРӨМЖ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВАХАД ТУСАЛЖ БАЙНА
Өнөөдөр манай улсад олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгтэй асуудлыг тухайн төсөлдөө тусгаж авч байгаа нь бага байдаг. Харин Тайваны Засгийн газраас зарим төслийн тодорхой хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивладаг. Сүүлийн дөрвөн жил Тайваны талтай сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ удаа манай холбоонд 15 мянган ам.долларын үнэтэй төхөөрөмжийг хандивлалаа. Энэхүү төхөөрөмж хараагүй иргэдэд мэдээлэл авахад хамгийн их хэрэгтэй төхөөрөмж юм. Манай холбооны зүгээс харааны бэрхшээлтэй иргэн бүрд хүрч ажиллаж чадахгүй байна. Өнөөдрийн арга хэмжээнд Төр засгийн байгууллагын төлөөлөн ирсэнд талархлаа. Уг нь хараагүй иргэдийн номыг Боловсролын яамнаас гаргаж өгөх ёстой байдаг. Гэтэл биднийг төсөл хөтөлбөрөөр шийдэх хэрэгтэй гэдэг тайлбарыг өгдөг байсан. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуультай болсон болохоор нөхцөл байдал цаашид нааштай болох гэж бодож байна. Энэ хандивын машин өмнөх машиныг бодвол хурд нь гурав дахин ихэссэн. Өнөөдөр бид бүхэн баяртай байгааг хэлмээр байна.
16 МЯНГАН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БИЙ
1963 онд хараагүй хүүхдийн сургалт байгуулагджээ. Тухайн үед монголд хараагүй хүүхдүүдэд зориулсан номыг хэвлэх боломжгүй байсан учраас 1990-ээд оныг хүртэл ОХУ-аас авч байсан байна. 2005 оноос Монголын хараагүйчүүдийн Үндэсний төвийн дэргэд ярьдаг номын төвийг байгуулжээ. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 16 600 иргэн байна гэсэн тоо баримт байдаг аж. Үүнээс 9 мянга нь тус холбоонд бүртгэлтэй болжээ. Одоогоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд Мэргэжил сургалтын үйлдвэрийн төв, хүүхдийн цэцэрлэг, брайль ном хэвлэх, массажистийн төв ажиллаж байна. Энэ удаагийн Тайваниас хандивлаж байгаа брайль хэвлэгч машин харааны бэрхшээлтэй иргэдэд ихээхэн том дэмжлэгийг өгч, тэдний суралцах орчинд таатай нөлөө үзүүлэхэд дэмж болж байна гэж тус төвийнхөн онцолж байв.
Бэлтгэсэн: Ч.БОЛОР, Н.МӨНХ