Ким Жун-Нам мөн эсэх талаар Хойд Солонгос мэдээлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Ким Жун-Нам мөн эсэх талаар Хойд Солонгос мэдээлсэнгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун Нам Малайзын олон улсын нисэх буудалд бусдад хорлогдож амиа алдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд хамгийн түрүүн мэдээлсэн нь хоёрдугаар сарын 15-ны өдөр. Өмнөд Солонгос болоод Малайзын хэвлэлийн мэдээнд “Умардын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Жун-Нам Куала Лумпур хотын нисэх буудалд гэнэтхэн ухаан алдаж унажээ. Яаралтай түргэн тусламжийн тэргээр авч явсан боловч эмнэлэгт очих замдаа нас барсан” тухай дурдсан юм. Энэ талаар Хойд Солонгосын зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар огт өгөөгүй байсан. Тэгвэл Хойд Солонгосын төв хэвлэл их удирдагчийн хүү гэгч Ким Жун Намын тухай дуугарч эхэлснийг guardian.com онцолжээ.

Агентлагийн мэдээнд дурдсанаар Малайзын Гадаад хэргийн яамнаас 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Хойд Солонгосын Элчин сайдын яаманд хандан тус улсын иргэн зүрхний шигдээсээр нас барсан тухай эмнэлгийн бичиг, цогцсыг Хойд Солонгос руу чандарлан шилжүүлэхээр шийдсэн тухай мэдэгдсэн гэнэ. Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрч, Малайзын талд хүсэлт тавьсан гэжээ. Гэсэн ч тун удалгүй уг иргэнийг Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жун Нам гэж мэдээлсэн төдийгүй түүнийг “хордож нас барсан” гэсэн шуугиан дэгдсэн юм.

Хойд Солонгосын тал нас барсан этгээдийн хэн гэдгийг нэрлээгүй бөгөөд Хууль зүйн хорооноос нь “Уг хэргийг ингэж хурцдуулж буй нь хүний эрх, ёс суртахуун хэм хэмжээг зөрчин, Хойд Солонгосын ард түмнийг үл хүндэтгэж байна. Энэхүү үйлдлийг Өмнөд Солонгосын зүгээс үзүүлж буй элдэв үйлдэлтэй давхцаж буй нь ихээхэн анхаарал хандуулж байна” гэж мэдэгджээ. Мэдэгдлээс харахад Хойд Солонгосын зүгээс уг хэрэг явдлыг Өмнөдийн ээлжит турхиралт гэж үзэж буй бололтой.

Нас барсан иргэнийг шилжүүлэхээс татгалзаж буй нь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй үйлдэл хэмээн Малайзын Засгийн газрыг буруутгаж байна.

Г.ӨСӨХСАРНАЙ

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж