Gucci-гийн дөрвөн настай модель

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Gucci-гийн дөрвөн настай модель

Дизайнерын тусгайлан урласан хүрэм, жинсэн өмдтэй энэ охин “Gucci”-гийн зураг авалтад оролцохоор сургуулиасаа чөлөө авчээ. Үе тэнгийнхэн нь ангидаа дуу, шүлгээ сурч байх зуур дөрөвхөн настай Дилан охин Европын загварын нийслэлийг зорихоор ачаагаа баглаж байгаа гэнэ.

Ой гаруйхантай байхдаа загвар өмсөгчийн үүрэг гүйцэтгэж амжсан Дилан өнгөрсөн есдүгээр сард бага ангид элсэн оржээ. Орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэд хэдэн загварын зураг авалтад оролцож, чамгүй авьяастай, ирээдүйтэй модель гэдгээ баталсан гэнэ.

Одоо түүний тоглосон “Mothercare” брэндийн сурталчилгаа олон улсад идэвхтэй цацагдаж буй бөгөөд түүнийг олж харсан “Gucci”-гийн удирдлагууд Дилан охиныг Италид ирж, зураг авалтад оролцохыг урьсан байна. Одоо бяцхан охин ээжтэйгээ хамт явахаар бэлтгэж байгаа ажээ.

Дөрвөн настай Дилан охин.

Дилан дүү Стэнлитэйгээ хамт.

Дилан одоо “Gucci”-гийн зар сурталчилгааны зураг авалтад оролцохоор Милан явах гэнэ.

Дилан охин ээж Реатайгаа хамт.

Диланы аав Том Апшер, дүү Стэнли нар нь гэртээ үлдэх гэнэ.

Диланы ээж Реа Апшерийн ярьснаар охин нь камерын дурангийн өмнө зүг чигээ олж, поз авахдаа гаргууд гэнэ. Бас олон төрлийн хувцас хунар сольж өмсөх үнэхээр дуртай аж.

“Одоохондоо охин минь энэ ажилдаа дуртай байгаа. Камерын өмнө зургаа авахуулж, амттай хоол идэж, хүмүүстэй харилцах нь түүнд сайхан санагддаг гэсэн. Яваандаа охин маань ийш тийшээ аялахыг төвөгшөөж, гэртээ байж, найзуудтайгаа тоглохыг хүсвэл хүслийг нь биелүүлэлгүй яах вэ” гэж Реа ярьсан байна.

Дилан анх 18 сартайдаа Хелстон хот дахь хүүхдийн хувцасны дэлгүүрийн сурталчилгаанд тогложээ. Тухайн үед загварын гэрэл зурагчид охиноо энэ чиглэлээр хөгжүүлж, ирээдүйд фото модель болгох тал дээр анхаарахыг аав, ээжид нь зөвлөж байсан гэнэ. Тухайн үед Дилан дэндүү жаахан байсан тул аав, ээж нь хэсэг харзнахаар шийджээ.

Харин дөрвөн нас хүрэх үед ээж нь охиноо дагуулж, хэд хэдэн зураг авалтад оруулсан нь ийнхүү “Gucci”-гийн удирдлагуудын нүдэнд өртжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж