Хуурамч гэрлэлт цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Хуурамч гэрлэлт цөөрчээ

Гэр бүл салалт ихэвчлэн залуу гэр бүлд тохиолддог бөгөөд шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллээс болдог гэж мэргэжилтнүүд хэлж байна. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт ихэссэн талаар ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Хурандаа Ю.Бадамханд хэлэхдээ “Хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ талын гэмт хэргийн тоо ихэссэн. Гэхдээ энэ бол түр зуурын асуудал гэж бодож байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг далд, хувь хүний нууцын асуудлыг хөнддөг учраас тэр болгон ил гардаггүй байсан. Харин хууль хэрэгжиж урьдчилан сэргийлэх ажиллагаа сайн явагдсан учраас иргэд маань мэдээллэж байна, нийгмийн хяналт сайжирч байгаатай холбоотой” гэлээ.

Энэ талаар өнөөдөр /2017.02.22/ "Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүд Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн шүүгчид, ЦЕГ, ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, зарим нэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл судлаачид оролцож санал бодлоо солилцсон юм.

Залуус гэр бүлийг биш эд хөрөнгийг илүүд үзэх болжээ

2015 онд 17600 орчим гэр бүл гэрлэлтээ бүртгүүлснээс 3800 орчим нь цуцлуулсан байна. Энэ талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаанаас тодруулахад “Гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгдгөөс болж хуурамчаар гэр бүл болох тохиолдол их гарсан. Хосууд өөрсдөө ч 500 мянган төгрөгөөс болж гэрлэсэн гэдгээ хэлдэг. 2015 онд хуурамч гэрлэлт маш их бүртгэгддэг байсан бол одоогоор харьцангуй цөөрөөд байна. Тухайн үед мөнгөнөөс болж гэрлэж байсан хосууд гэрлэлтээ цуцлуулж байгаа учраас гэр бүл салалтын статистик мэдээ их гарч байж мэднэ” гэсэн юм. Мөн тэрээр “Миний ажиглаж байгаагаар өнөө үед гэр бүлийн үнэ цэнэ их буурсан, эд хөрөнгийн асуудал нэгдүгээрт тавигддаг болжээ” гэдгээ нуусангүй. Түүнчлэн цахим сүлжээ буюу фэйсбүүкээс болж гэр бүл салах, маргалдах тохиолдол их болсон гэнэ. Тухайлбал санаатай болон санамсаргүйгээр хэн нэгэнтэй чатаар харьцсаныг нөгөө хос нь мэдэх, өөр хэн нэгний зурганд бичсэн сэтгэгдэл зэргээс болж хосууд маргах нь элбэг болсон гэлээ.

Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэн үр дүнгээ өгч байгаа ч цаашдаа анхаарах хэдэн асуудал бий гэнэ. Жишээ нь гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Одоогоор “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 7-оос дээш насны хүүхдээс өөрийнх нь саналыг авах” гэсэн зохицуулалтаар явж байгаа ч саналыг нь яаж, ямар хэлбэрээр авбал зүгээр вэ гэдэг нь нэгдсэн байдлаар тодорхой болоогүй байгаа гэнэ. Энэ талаар хуульч, сэтгэл зүйч Л.Галбаатар “7 настай хүүхдээс шүүгч юу гэж асуух юм. Юу гэж хариулсан бол тэрийг нь юу гэж ойлгож шийдвэртээ тусгах вэ гэх мэт асуудал нээлттэй хэвээр байна” гэлээ.

Гэр бүлийн хэргээр дагнаж ажиллах шүүгчдийг бэлтгэх шаардлагатай

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан нэг чухал сэдэв нь гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхтэй болох, энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүгчдийг мэргэшүүлэх асуудлууд байлаа. Мөн дан ганц шүүгч энэ асуудлыг шийдвэрлэх нь учир дутагдалтай тул шинжээч, зөвлөх нарыг бэлтгэх хэрэгтэй гэнэ.

Энэ талаар хуульч, сэтгэл зүйч Л.Галбаатар хэлэхдээ “Манай улсын хувьд гэр бүлийн маргааны асуудлаар мэргэшсэн шинжээч зөвлөхүүд байхгүй байна. Шүүгч бие даан дангаараа шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа. Гэр бүлийн маргааныг шийдэхдээ ирээдүйн хэдэн жилийн асуудлыг харж шийдвэр гаргадаг онцлогтой учир зөвхөн шүүгч дангаараа шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Иймээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд сэтгэл зүйч, эрх зүй, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлуудаар мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлага байна. Цаашдаа дагнасан шүүх байгуулах хууль эрх зүйн боломж бол бидэнд байгаа. Гэвч санхүү, хүний нөөцийн асуудал бэрхшээл болоод байна” гэлээ.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж