Д.Эрдэнэбат: МАН-ын гишүүдийг ч шалгах ёстой

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: МАН-ын гишүүдийг ч шалгах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.02.22/ өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн Ардчилсан намын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Ганбат, Б.Болор, С.Одонтуяа нарын олон гишүүд оролцов.

Өргөтгөсөн хуралдаанаар Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөр, Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсантай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Д.ЭРДЭНЭБАТ:  

ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар бид гурван өдрийн өмнө мэдээлэл шаардсан ч өгөөгүй. Бүлэгт улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгох ёстой. Харамсалтай нь, бидэнд өнөөдөр урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээлэл хомс байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх асуудлыг хөтөлбөрт багтаасан нь эдийн засгийн хүнд нөхцөлд байж боломгүй зүйл гэж үзлээ. Төсвийн зарлагыг танах талд анхаараагүй. Төсвийн орлого нэмэгдүүлэхэд анхаарч ажлаа хийж байгаа нь анхаарал татаж байна.

ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн тал анзаарагдаж байна. Ард түмний амьжиргааг царцаах бодлого явуулж байна. 

Эрх баригч нар Ардчилсан намын бодлогын алдааг засч байна гэдэг. Үүнтэй байр суурь нэгдэхгүй. Бидний харж байгаагаар бодлогын алдаа биш бодлогын зөрүү байгаа.

2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгийн хүндрэлээс гарах гол концепци барьсан. Эдийн засаг дахь уул уурхай, түүхий эдийн үнэ 2-3 дахин унасан нөхцөлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор Монголын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, ажлын байр, цалингийн хэрэглээг бууруулахгүй байхад анхаарч ажилласан. Ипотекийн зээлээр дамжуулан иргэдээ орон сууцжуулахын зэрэгцээ ажлын байр бий болгосон.

АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Гэтэл одоо хэрэгжих хөтөлбөрт тэтгэврийн насыг өсгөх асуудал туссан нь МАН-ын үйлдэл өнөөдөр 180 градус эргэж байна. ОУВС-гийн энэ нөхцөл байдлаар явбал 2016 оны МАН-ын амлалт биелэх боломжгүй байна. Тийм учраас эрх баригчид үүн дээрэ анхаарах байх гэж найдаж байна.

2012-2016 онд АН 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Одоо ОУВС-гийн хөтөлбөрөөр 5 тэрбум ам.долларын зээлжих эрх нээгдэж байна. Илүү гарч байгаа 4 тэрбум ам.долларыг юунд зарцуулахаа олон нийтэд нээлттэй болгох шаардлагатай. Бидний 1.5 тэрбум ам.доллараар хийсэн ажил олонд нээлттэй байгаа. 

Ардчилсан нам Засаг барьж байхдаа улсын төсвийг 6-7.6 их наядаар барьж болж байсан. Өнөөдөр МАН Засаг барьж байх үед улсын төсөв бараг 9 их наядад хүрч, өслөө. Тиймээс зардлаа танах бүрэн бололцоотой” хэмээлээ. 

Мөн “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Ардчилсан нам удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан.

Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна. Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байна. Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. Ардчилсан нам гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой. 
Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого дэндүү хүчтэй явагдаж байна. Энэ нь эргээд 26 жилийн өмнө байсан хуучин бодлого руу явуулж байгаа юм. ОУВС-гийн эерэг сөрөг мэдээлэл олон нийтийг талцуулж байна. 

Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж: ОУВС хэлэлцээ хийдэггүй, болзол тулгадаг. Хэрвээ хэлэлцээ хийдэг байсан бол өнөөдөр хамгийн муу хувилбарыг авахгүй, ядаж “Стэнд бай” авах байсан.

Эдийн засагт хүндрэлтэй үед эдийн засагт тодорхой хөрөнгө оруулах ёсой, гэтэл танах болсон нь буруу. Зардлыг танах тал дээр ямарваа нэг арга хэмжээ аваагүй байгаа. Төрийн албан хаагчдыг танавал 8 тэрбум орчим төгрөг танах боломжтой. Төрийн байгууллагуудын зардлыг таван хувиар танахад 450 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Зөвхөн энэ хоёрыг танахад л 440 саяын хэмнэлт гаргачих боломжтой. ОУВС эдийн засагт тус болох биш илүү боомилсон, хөгжлийг удаашруулсан хөтөлбөр санал болгож байна.

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөв хэлэлцэх байх, энэ үед төсвийн зардлыг танах, төрийн албан хаагчийг багасгах тал дээр бүлэг саналаа тавиад явна.


Хэвлэлийн бага хурлын дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

  • -ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж үзвэл өөр ямар боломж дотоодод байна гэж үзэж байна вэ. Авлигатай тэмцэх газар Ардчилсан намын хэд, хэдэн гишүүнийг шалгаж байна гэлээ. Нэрийг нь хэлэх боломжтой юу?

Д.ЭРДЭНЭБАТ:

-ОУВС Монгол Улсад “Эдийн засаг, санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх боллоо. Эдийн засаг, төсөв хүндэрсэн үед улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Бид ОУВС-гийн төлөөлөгчийн дүгнэлтийг орчууллаа. Түүнд түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон гэж… Энэ тодорхойлолтыг би зөв гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий. Ганц юм зовоож байгаа нь урд талын авсан евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал.

Харамсалтай нь, манай эрх баригчид Засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

“Чингис бонд”-той холбоотой асуудлаар манай намын харьяалалтай хүмүүсийг шалгаж байгаа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээр янз бүрийн асуудал үүсэж болзошгүй байна.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёр дээр зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Жишээлбэл, 440 сая төгрөгийн гэрээний нөхцөл хийхдээ энэхүү гэрээний нийт дүн нь ажлын нийт санхүүжилтийн эхний ээлжит санхүүжилт байна гэж заасан.

Ажлын нийт санхүүжилтийн хэмжээг захиалагч, санхүүжүүлэгч тогтоох бөгөөд энэ асуудлыг нэмэлт гэрээгээр зохион байгуулна гээд 1.8 тэрбум болсон. Гэтэл 44 сая төгрөгийн ажлыг гэнэтхэн 1.8 тэрбум болгож өсгөсөн гээд улстөржүүлсэн. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж бид үзэж байгаа.

Б.ПҮРЭВДОРЖ:

-ОУВС манайд 5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаа. Зээлийн шугам бол төслийн болон төсвийн зориулалтаар зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөх зорилгоор зарцуулагдана. Гаднаас зээл авлаа гэхэд хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой.

Бид заавал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр хөгжих боломжтой. Энэ жилийн хувьд нэг ч төгрөгийн шинэ бүтээн байгууллат хийхгүй байхаар төсвөө баталсан. Хоёр жил ингээд явчихад эдийн засаг босоод ирнэ. Яагаад гэвэл эдийн засаг хүндрэлтэй байсан ч өнгөрсөн жил татварын орлого нэмэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд 37 их наядын хөрөнгө ил болсон. Энэний татвар хуримтлагдаж байгаа. Татварын буцаан олголттой холоботойгоор маш их орлого нэмэгдэж байгаа. Сайн зүйл маань жижигхэн эдийн засгийг аваад явах боломжтой.

Зардлаа танах асуудлыг эрчимтэй хийгээд явах юм бол өөрийнхөө хүчээр хөгжөөд явах боломжтой.

  • -440 саяын ажил 1.8 тэрбум болсон асуудлыг Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа өөрсдөө шалгаад тогтоочихож болоогүй юм уу. Тэгсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм биш үү. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол найман төрлийн татвар нэмнэ. Татвар нэмэх хүрээнд орлого нэмэгдэх боломж байгаа юм уу?

Д.ЭРДЭНЭБАТ:

Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажлууд хийгдэж дууссан. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид энэн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худлаа мэдээллийг нийгэмд тарааж болохгүй.

Татвараар орлого нэмэхийг бид шүүмжилж байгаа. Татвараар орлого нэмнэ гэдэг бол иргэд болон баялаг бүтээгчдийн халаас руу орж, энэ зээлийг эргэн төл гэсэн тулган шаардлага. Тийм учраас бид ийм байр суурьтай байгаа. Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрийг авах зайлшгүй шаардлага байгаа бол иргэдийнхээ хэрэглээ, хуримтлал, цалинг бууруулах үйлдэл рүү бусдын даалгавраар санаатай орж болохгүй. Энэ бол бидний барьж байгаа бодлого гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж