Амиа алдагсдын оршуулгын зардлыг гадаадад туслах сангаас гаргана

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Амиа алдагсдын оршуулгын зардлыг гадаадад туслах сангаас гаргана

Өмнөд Солонгост болсон үерийн улмаас Кёнгиду мужид хоёр монгол хүн өнгөрсөн лхагва гарагт нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын иргэншилтэй байсан бөгөөд нөгөө нь Өмнөд Солонгост очоод хоёр сар орчим болж байсан аж. Энэ асуудлаар Монгол Улсын зүгээс ямар арга хэмжээ авч байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Өмнөд Солонгосын Кёнгиду мужид болсон үерт хоёр монгол хүн амь алдсан талаарх мэдээлэл Гадаад харилцааны яаманд хэзээ ирсэн бэ?

-Өмнөд Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээллийг бидэнд өнгөрсөн пүрэв гарагт ирүүлсэн. Мэдээлэл ирсэн даруйд нас барсан хоёр хүний ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, хэл хүргүүлсэн. Ингээд яаралтай виз гаргуулснаар ар гэрийнхэн нь өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосыг зорьсон байгаа.

-Ар гэрийнхнийх нь замын зардлын асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Ар гэрийнхэн нь замын зардлаа өөрсдөө даасан.

-Талийгаачдын цогцсыг эх оронд нь авчрах уу?

-Одоогоор тэр талаарх асуудал тодорхойгүй байна. Ар гэрийнхэн нь газар дээр нь очсоныхоо дараа хэрхэх эсэхээ шийдэх байх.

-Үүнтэй холбоотой гарах зардлыг яах вэ. Талийгаач нар Өмнөд Солонгосын иргэдийг аврах гэж байгаад амь алдсан гэсэн. Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн дэмжлэг үзүүлэх талаар санал, хүсэлт ирүүлсэн болов уу?

-Талийгаачдын цогцсыг чандарлах, чанд­рыг нь эх оронд нь авчрахтай холбоотой гарах зардлыг Гадаадад туслах сангаас гаргах боломжтой гэсэн тооцоо гарсан. Одоогоор Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн хүсэлт ирүүлсэн тохиолдол байхгүй байна.

-Шведэд гарсан хүн амины хэрэгт холбогдсон Монголын иргэний асуудал юу болсон бэ?

-Мөрдөн байцаалт нь дуусч, сэжигтнийг одоогоор урьдчилан хорих төвд хорьж байгаа. Хэрэг нь прокурорт шилжсэн бөгөөд урьдчилсан байдлаар 13 жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл ирсэн. Шүүх хурал нь наймдугаар сарын дундуур болно.

-Болгарт Монгол Улсын иргэн гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаарх мэдээлэл ирсэн болов уу?

-Болгар дахь Элчин сайдын яамнаас ийм мэдээлэл ирүүлээгүй. Тэгэхээр дээрх мэдээлэл худлаа болж таарах нь.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж