Төрсний дараа ямар амин дэм хэрэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Төрсний дараа ямар амин дэм хэрэглэх вэ?

Жирэмсэн байх есөн сарын /40 долоо хоног/ хугацаанд ээжүүд хэвлийдээ бойжиж буй хүүхдийнхээ, басхүү өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хэд хэдэн төрлийн амин дэм, эрдэс бодис нэмэлтээр хэрэглэдэг. Харин хүүхдээ төрүүлсний дараа энэ тухай бараг л мартаж орхидог. Гэтэл төрсний дараа эмэгтэй хүн буцаад хэвдээ орохын тулд олон төрлийн эрдэс бодис, амин дэм зайлшгүй шаардлагатай байдаг. Ялангуяа хөхүүл ээжүүдийн хувьд өөрсдөөсөө гадна хөхний сүүгээр дамжиж хүүхдэд очих эрдэс бодис, тэжээлийн талаар ч анхаарах ёстой.

———————————————-

ФОЛИЙН ХҮЧИЛ

  • Фолийн хүчил бол жирэмсэн ээжүүдийн хэрэглэх ёстой чухал амин дэмүүдийн нэг. В-гийн төрлийн энэ амин дэм нь урагт нугасны эвэрхий /spina bifida/ болон бусад согог үүсэхээс сэргийлдэг. Хүүхдээ төрүүлсний дараа ч ээжүүд үргэлжлүүлэн фолийн хүчил хэрэглэх ёстой гэж WomensHealth.gov зөвлөж байна. Ингэхдээ өдөрт 500 мг фолийн хүчил хэрэглэснээр зүрх, судасны өвчнөөс сэргийлж, төрсний дараах өөрчлөлтийг даван туулж, бие махбодь эргээд хэвэндээ ороход тусалдаг аж.

———————————————

Д АМИН ДЭМ

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн Д амин дэм авч байх ёстой. Ингэхдээ эхийн хөхний сүүгээр, мөн нарнаас Д амин дэмийг биедээ хуримтлуулдаг. Гэвч сүүлийн үед нарны хэт ягаан туяа нь арьсны элдэв өвчин, хорт хавдраар өвчлөх эрсдэл дагуулах болсон тул Д амин дэмийг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй гэж олон улсын эмч, мэргэжилтнүүд зөвлөх болжээ. 0-5 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 400 нэгж Д амин дэм, харин хөхүүл ээжүүд 2000-4000 хүртэлх нэгж Д амин дэм хэрэглэх ёстой гэх зөвлөмж байдаг.

——————————————-

С АМИН ДЭМ: ТӨМРИЙН ХЭРЭГЦЭЭГ НӨХӨХ

  • Төрөлтийн үеэр багагүй хэмжээний цус алддаг тул төрсний дараа төмөр хэрэглэх нь хурдан тэнхрэхэд чухал үүрэгтэй. С амин дэм нь төмөр биед шингэн үйл явцыг сайжруулдаг. Тиймээс төмөр ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, мөн нэмэлтээр төмрийн бэлдмэл ууж байгаа тохиолдолд давхар С амин дэм хэрэглэх нь тустай. Малын мах, шувуу, загасны мах зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс илүү ургамлын гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах төмрийг бие махбодь илүү сайн шингээдэг. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг цитрусын төрлийн жимс, амтат чинжүү, брокколи, буржгар байцаа зэрэг С амин дэмийн агууламж өндөр хүнсний ногоотой хольж хэрэглэх нь илүү үр дүнтэй.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хөхүүл ээж өдөрт 120 мг С амин дэм авах ёстой гэж зөвлөж байна. Харин төмрийн тухайд өдөрт 45 мг байхад хөхүүл ээжийн хэрэгцээг хангадаг аж.

———————————————–

ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН

  • Аль ч төрлийн амин дэм, эрдэс бодисыг нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэхээс илүү хоол хүнсээрээ дамжуулан өдрийн хэрэгцээгээ хангах нь зүйтэй гэдэг. Элдэв төрлийн дэглэм барьдаггүй, төрөл бүрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн хувьд нэмэлтээр олон төрлийн амин дэм хэрэглэх шаардлагагүй. Харин жирэмсний үеэр хэрэглэдэг пренатал /төрөлтийн өмнөх/ амин дэмийн бэлдмэлийг төрсний хойшхи зургаан долоо хоногийн турш  үргэлжлүүлэх уухыг эмч нар зөвлөдөг. Пренатал нь төмрийн агууламж өндөртэй тул төрсний дараа өтгөн хатах, гэдэс дүүрэх, базлах зэрэг сөрөг нөлөө үзүүлбэл энгийн мультвитамин хэрэглэж бас болох ажээ.

С.ЦЭЛМЭГ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж