Монголбанкны үйл ажиллагааг шалгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Монголбанкны үйл ажиллагааг шалгахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг нар оролцсон юм.

Ажлын хэсэг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд шалгалт хийх аж. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд дүгнэлт хийэхээр болсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэв. Мөн тэрбээр Монголбанкны алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэлээ.

Хэвлэлийн хуралд оролцож буй гишүүд Монгол Улсын эдийн засгийн хүндрэл нь Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан байна. Төгрөгийн худалдан авах чадвар буурах тусам ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай” гэв.

Ингээд шалгалтын явц болоод, үр дүнгийн талаар тухай бүрд нь мэдээлэл хийнэ гэдгээ тэд хэллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж