Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Орчуулагч Б.Гэрэлийн "Туужис" гэдэг тун дажгүй түүвэр ном уншлаа. Ер нь нэг төрлөөр, олон хүний, олон үзэл бодол шингэсэн зүйл унших хэзээд сонин сайхан байдаг.

Нэг залууд сэтгэл алдарсан бүсгүйд эцэг эх нь зөвшөөрөхгүй болохоор нь гэрээсээ оргож ламаар адислуулах гэж байгаад андуурч, хэдэн жилийн дараа суух жинхэнэ нөхөртэйгээ адислуулсан байсан тухай өгүүлэх А.С.Пушкины "Цасан шуурга" хэмээх мундаг тууж энэ номд багтжээ. 1800 оны эхэн үеийн байдлыг өгүүлсэн болов чиг хүний зан араншин гэдэг хоёр зуун байтугай өнгөрсний үл өөрчлөгдсөн байдаг ч учиртай юмсанж.

"Мексик хүн" туужаас Жек Лондоны гэх амьдралын хатуу ширүүнийг сөрсөн, эцэст нь ялан дийлж байгаа өөдрөг бүхнийг олж харах болно. Хувьсгалын үйл хэрэгт мөнгө, ус агаар шиг хэрэгтэй болно. Гэтэл үг дуу цөөтэй нэгэн мексик хүү үргэлж бусдаас илүүг хандивлах аж. Хаанаас ийм мөнгө олоод байдаг юм бүү мэд. Хувьсгалд хэрэглэх буу, зэвсэг авах мөнгөгүй болоход "Тэдний өдөр би мөнгө олж ирье, захиалгаа өгч бай" хэмээн хэлнэ. Хөөрхий хүү боксын аваргатай тулаанд орж, ялж энэ бүх мөнгөө хувьсгал хийх буу, зэвсэгт өгөхөөр бодсон юм байж. Хүнд хэцүү бүхнийг даван туулж ялдаг. Үнэхээр өөдрөг сайхан тууж.

Стэфан Цвейгийг манай уншигчид "Танихгүй эмэгтэйн захидал" туужаар нь сайн мэддэг. Тэгвэл үүн дээрээ "Амок"-ыг нэмэхийг санал болгож байна. Амок гэдэг нь халуун орны, согтож манарахаас илүүтэй аймшигтай өвчин. Нохойн галзуу өвчинтэй төстэй. Галзуу өвчин туссан нохой хавьтсан ойртсоноо хазаж, урдаг бол амокт дайруулсан хүн амнаас нь хөөс сахарч, араатан лугаа орилж хашгиран, гартаа балиус барьж хавьтсан ойртсон болгоноо хутгалан гүйнэ. Нэг цус харуулбал тэгээд л өнгөрөө гэсэн. Нэг бол нохой шиг буудуулж үхнэ, нэг бол өөрөө бахардаад зогсоно.

Нөхрөөсөө далдуун хүүхэдтэй болон, үр хөндүүлэхээр ирсэн чинээлэг эмэгтэйн саналаас татгалзсан нэгэн эмчийн тухай өгүүлнэ. Эмчийг татгалзангуут өнөөх эмэгтэй ядуу муу оромжид очоод үр хөндүүлчихжээ. Үүнээсээ болж нас барна. Нас барахдаа өөртэй нь холбоотой нэг ч зүйлийг хэнд ч хэлж болохгүй хэмээн захина. Амокт хөөгдсөн мэт энэ ихэмсэг бүсгүйд дурласан байсан эмч энэ нууцыг хадгалахын тулд эцэст нь амиа зольж байгаа тухай хачирхалтай түүхийг "Амок" туужаас уншаарай. Хүний биеийг гаргуунд нь гаргадаг нууц гэж байдаг юмсанж.

Франц Кафкагийн "Хувирал"-ыг би роман гэж боддог байжээ. Нэг өглөө сэрээд өөрийгөө арваалжин хөлтэй аймшигт цог хорхой болсон байхыг мэдэх хэнд таатай санагдах билээ.  Хэн хэнээс илүүтэй аав нь түүнд зэвүүцэн, ад үзнэ. Эцэстээ түүнийг нас барахад гэр бүлийнхэн нь хэзээ ч тийм хүн байгаагүй мэт амьдран байх нь зүрх өвтгөнө. Кафкагийн эцэг нь хүүгээ үргэлж доош нь хийдэг, харгис хатуу хүн байсан гэдэг. Үүнээс бол тэрээр өөртөө итгэлгүй нэгэн болж өссөн, амьдралдаа нэг ч эмэгтэйтэй дотно байгаагүй гэдэг. Магадгүй аавынхаа энэ  хатуу зан араншингаас улбаалаад энэ туужаа бичсэн биз ээ.

"Туужис" номонд орсон туужуудаас хамгийн урт нь Харүки Муракамигийн "Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа"… Гэхдээ л Муракамигийн бусад зохиолууд шиг ямар ч зовлонгүй уншигдана даа. "Норвейгийн ой"-гийн гол дүрийн залуу, Токиогийн оюутан нутагтаа нэг бүсгүйг орхиод ирсэн хэмээн өгүүлдэг дээ. Яг л тэрнийхээ тухай энэ туужаараа өгүүлсэн юм шиг санагдана. Өсвөр насны хүү, охины хайр сэтгэл, шилжилтийн насны сексийн улангассан их хүсэл, бүтээгүй дурлал, хожим хойно дахин учраад гэр бүлээ хаяхад хүргэх хүртэл… гэх мэт үйл явдал нь таныг аандаа хөтөлнө. Сонирхолтой, өөрсдөө уншаарай.

ЭХ СУРВАЛЖ: AMARTUVSHIND.BLOGSPOT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж