“Сант Марал” судалгааны төвийн захирал, улс төр судлаач Л.Суматиг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь хоёр намын бүлэг тохиролцоонд хүрч чадахгүй байсаар хаврын чуулган завсарласан. Ингэж цаг алдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хүн ярих болж. Та улс төр судлаач хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Би хуульч хүн биш. Гэхдээ УИХ энэ асуудал дээр хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тохиролцож чадахгүй байгаагийн шалтгаан нь хариуцлагатай холбоотой. УИХ-ын гишүүд эцсийн шийдвэр гаргахаас цааргалсаар байгаа нь нам, эх орноо аль, алийг нь бодохгүй байгаагаас болсон хэрэг. Одоо ерөнхийдөө тэднийг хариуцлагагүй улстөрчид гэж дүгнэж болохоор байна. Түүнээс биш хууль зөрчсөн энэ тэр гэж ярьж байгаа нь илүүц юм.
-Сонгуулийн тогтолцоог пропорциональ, аль эсвэл мажоритари давамгайлсан байх уу гэдгийг шийдэхийн тулд хэтэрхий их ярьж, өөр олон хууль батлах хайран цаг хугацааг дэмий үрж байна гэж хүмүүс шүүмжлэх болж?
-Энэ бүхэн холын хараа байхгүй, хувиа бодсон хүмүүсийн улс төрийн тоглоом болчихоод байна. Эрх баригч хоёр нам өөрсдийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьснаас болж тохиролцоонд хүрч чадахгүй байна. АНУ-ын жишээг авч үзье. Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хоёр өрийн таазыг нэмэх эсэхийг шийдэж, тохиролцоонд хүрэхгүй байгаагаас АНУ-ын нөхцөл байдал хүндхэн болж байна. Үүний цаана улс орон хохирч байна. Түүнээс биш хууль зөрчөөд байгаа зүйл алга. Харин Монгол Улс яг Америктай адилхан болчихсон.
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг улстөрчид бүгд мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ тохиролцож чадахгүй байгаа нь харамсалтай. Үүний цаана хоёр намын тактик харагдаж байна л даа. Гэхдээ миний бодлоор ингэж хугацаа алдвал Ардын нам илүү хохирно.
-Яагаад?
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүд ажлаа хийхэд намын бодлого нэг их харагддаггүй байсан. Хэрэв пропорциональ тал нь давамгайлсан Сонгуулийн тухай хууль батлагдвал тухайн сонгуулиар ялалт байгуулсан намын байр суурийг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой болно. Харин мажоритари давамгайлсан хуультай болчихвол Монгол Улс цаашид 77 Ерөнхийлөгчтэй хэвээр байна гэсэн үг. УИХ-ын 76 гишүүн тус бүр сонгогдсон тойргийнхоо Ерөнхийлөгч нь болчихсон. Түүндээ бүх анхаарлаа хандуулж, дараагийн сонгуулиар яаж дахин сонгогдох вэ гэдгийг л бодоод байна. Энэ бүхэн цаашид яаж ч өөрчлөгдөж магадгүй. Ерөнхийдөө мажоритари тогтолцоо давамгайлсан хууль батлагдчихвал өөрсдийгөө УИХ-д сонгогдох магадлалтай гэж бодож байгаа хүн цөөнгүй байгаа. Гэтэл тэд ингэж бодсоноороо алдаж байна.
-Та яагаад тэгж дүгнэж байна вэ. Энэ тухай ямар нэгэн судалгаа хийсэн үү?
-Манай “Сант Марал” төвөөс явуулсан судалгаагаар эрх баригч хоёр намын рейтинг өдөр ирэх бүр буурч байгаа дүр зураг харагдсан. Түүнд үндэслээд дээрх дүгнэлтийг гаргаж болно. Ардын намынхан хувь хүний рейтингэд түшиглэж ирэх сонгуулиар илүү олон суудал авна гэж тооцож байгаа. Өмнөх 2008 оны сонгуулиас хойш тэд сонгогдсон тойрогтоо нэлээд хөрөнгө зарцуулсан. Түүнийхээ үр шимийг хүртэхийн тулд мажоритари тогтолцоо давамгайлсан хууль батлахыг хичээж байгаа юм. Гэхдээ энэ бол Ардын нам ялалт байгуулах баталгаа болохгүй. Учир нь тухайн орон нутагтаа нэр хүндтэй, хөрөнгөтэй хүн гарч ирээд улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй хийж эхэлбэл түүнд ч сонгогдох магадлал ихэснэ гэсэн үг. Ардын намын хувьд пропорциональ тогтолцоо давамгайлсан хууль батлагдвал илүү олон суудал авч чадна. Хэдийгээр намынх нь рейтинг унаж байгаа ч гэсэн бусад намтай харьцуулбал өндөр үзүүлэлттэй байгаа. Миний бодлоор пропорциональ давамгайлсан Сонгуулийн тухай хууль батлагдвал Ардын нам нийт сонгогчдын 70 орчим хувийн саналыг авна. Харин мажоритари нь давамгайлбал Ардын намынханд МАХН-ын гишүүд гэх мэт олон өрсөлдөгч гарч ирнэ. Магадгүй Ардын нам, МАХН хоёроос сонгогдох хүмүүсийн тоо ойролцоо гарч мэдэх юм. Шинээр байгуулагдсан МАХН орон нутагтаа нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүсийг намдаа элсүүлэхийг хичээнэ. Тиймээс Ардын намын хувьд улс төрийн жижиг хүчнүүдтэй өрсөлдөж, ялахын тулд намын рейтингээ нэгдүгээрт тавих нь чухал.
-Харин Ардчилсан намын хувьд аль хувилбар нь ашигтай вэ?
-Мэдээж хэрэг, Ардчилсан намын хувьд пропорциональ тогтолцоо давамгайлсан хувилбар нь ашигтай. Өнгөрсөн хугацаанд тус намын гишүүд тойргууд дээрээ нэг их ажиллаагүй. Тиймээс нам гэхээс илүү хувь хүний рейтингийг нэгдүгээрт тавибал Ардчилсан намаас сонгогдох магадлалтай хүний тоо цөөхөн болох юм. Энэ нь тэдний хувьд хувь тэнцүүлсэн харьцааг сонгоход хүргэж байна.
-Мажоритари, пропорциональ тогтолцооны аль нь давамгайлах вэ гэдэг дээр ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?
-Энэ бол буруу. Учир нь асуулт нь өөрөө их улстөржсөн байгаа. Тэгэхээр жирийн иргэн дээр очоод энэ тухай саналыг нь асуухад өөрийн дэмждэг улс төрийн хүчнийхээ байр суурийг харж, түүнийг нь дэмжих магадлалтай. Түүнээс биш энэ нь зөв, тэр нь буруу гэдгийг мэргэжлийн хүмүүс л гаргаж чадна. Харин жирийн ард түмний хувьд энэ хэцүү. Энэ асуудал дээр Ардын намын байр суурийг би жаахан гайхаад байгаа юм. Учир нь одоо Ардын намын рейтинг өндөр биш байгаа. Тэгэхээр хэрэв ард нийтийн санал асуулга явуулбал Ардын нам ялагдана гэсэн үг. Магадгүй тэд өөрсдөө судалгаа хийсэн ч байж болох юм. Гэхдээ би үүнд итгэлтэй биш байна. Ямар ч гэсэн ард нийтийн санал асуулга явуулбал энэ нь зүгээр нэг улстөржсөн зүйл болох нь дамжиггүй.
-Ардчилсан намынхан эхэндээ Сонгуулийн тухай хуулиар ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байснаа сүүлдээ байр сууринаасаа ухарсан. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Тэд ялагдаж магадгүй гэж үзсэн болохоороо татгалзсан байх. Иймэрхүү улстөржсөн санал асуулга явуулснаар иргэдийн дунд дэмждэг намынхаа саналыг сонгож магадгүй гээд үүнийг хэтэрхий эрсдэлтэй гэж тооцсон учир байр сууринаасаа ухарсан байх. Миний бодлоор Ардын намын гаргаж байгаа санал өөрсдөд нь ашиггүй. Харин Ардчилсан нам боломжийг илүү их ойлгож байх шиг байна.
-Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагааг Ардын намын Удирдах зөвлөл удирдан явуулж байна гэж нэр бүхий гишүүд шүүмжлэх болсон. Үнэхээр тийм дүр зураг харагдаж байна уу?
-Тэгж болохгүй гэж хориглосон хуулийн зүйл, заалт байгаа юм уу. Байхгүй биз дээ. Би Э.Бат-Үүл гишүүн тэгж хэлж байхыг нь харсан. Тэгээд жаахан гайхсан. Миний бодлоор энэ бол тухайн улстөрчийн хувийн пиар байх. Сонгууль дөхөж байгаа энэ үед улстөрч бүр өөрийгөө тал, талаас нь харуулахыг хичээж байгаа. “Хамтарсан Засгийн газар огцор” гэх зэрэг хурц мэдэгдэл хийж байгаа хүмүүсийн хувьд энэ нь өөрсдийгөө тодотгож гаргах гэсэн оролдлоготой холбоотой байх. Улстөрч болгон янз бүр байдаг. Одоо жишээлбэл, би Ерөнхий сайд С.Батболдыг их сайн улстөрч боловч өөрийнхөө пиарыг сайн хийж чаддаггүй гэж боддог юм.
-Одоо хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах нь зөв үү?
-Эрх мэдэлгүй улстөрч бол далавчгүй шувуутай адил. Хүмүүс улс төр рүү эрх мэдлийн төлөө л ордог. Миний бодлоор зарчмын төлөө тэмцдэг улстөрч тийм олон биш байх шиг. Монголд өнөөдөр маш их хөрөнгөний урсгал орж ирж байна. Уул уурхайтай холбоотой томоохон шийдвэрүүд олон гарах болж. Ийм үед Ардчилсан нам эрх мэдлээс татгалзана гэж бодохгүй байна. Улс орны ирээдүйг тодорхойлсон томоохон шийдвэрүүд гарч байгаа энэ үед Ардчилсан нам асуудлыг хөндлөнгөөс харж суухгүй. Харин сонгуулийн тактиктай холбоотойгоор ирэх оны сонгууль болохын өмнө хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч магадгүй юм.
-Ер нь хамтарсан Засгийн газар сонгууль болохын өмнө тарчихдаг жишээ өмнө нь олон гарч байсан. Тэгэхээр энэ удаад ч мөн адил сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэсэн үг үү?
-Ардчилсан нам сөрөг хүчний байр сууринаас сонгуульд өрсөлдвөл нэлээд олон санал авч чаддаг. Харин эрх баригч нам гэдгээрээ өрсөлдвөл бага суудал авдаг. Өнгөрсөн сонгуулиудаас энэ хандлага тод ажиглагдаж байсан. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний орон зайгаа эзлэхийн тулд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах байх. Хэрэв тэгэхгүй бол тэр байр суурийг Иргэний зориг, Ногоон нам, МАХН эзлээд авчихна. Ардчилсан намынхан ингэхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Сүүлийн үед Иргэний зориг, Ногоон намын бүртгэл сунжирсаар байгаа. Ардчилсан намын хувьд тэднийг сөрөг хүчний орон зайг нь эзэлчих вий гэж их болгоомжилж байна.
-Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар хэр ажилласан гэж бодож байна вэ?
-Хийсэн судалгаандаа үндэслээд дүгнэхэд тийм ч сайн ажиллаагүй. Бас тийм ч муу байгаагүй. Хэрэв амжилттай, сайн ажилласан бол түүнийгээ сайн сурталчилж чадаагүй байх.
-МАХН саяхан албан ёсоор нэрээ авсан. Гэтэл Ардын нам үүнийг эсэргүүцэж, МАХН гэдэг нэрийг өгсөн нь хуулийн үндэслэлгүй гэж байгаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Уг нь ямар нэртэй байх нь чухал биш. Харин Үндсэн хуулийн цэцэд тухайн нам ямар бодлого баримтлах вэ гэдэг нь чухал байлтай. Ардын нам МАХН гэдэг хүчтэй сөрөг хүчин бий болох вий гэдгээс л болгоомжилж байгаа. Өнөөдөр Монголын Улс төрд хүчтэй сөрөг хүчин байхгүй байна. Иргэний зориг, Ногоон нам өнгөрсөн хугацаанд муу ажилласан. Тэд олигтой сөрөг хүчин байж чадаагүй. Миний бодлоор энэ бол юм хийхээсээ илүү ярих дуртай сэхээтний өвчин л байх. МАХН гарч ирснээр сөрөг хүчний орон зайг эзлэх гэж оролдож эхэлсэн. Гэхдээ үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Түүнээс биш зохиомлоор нэрээр нь түрүү барьж, шинэ намыг үгүй хийх гээд байвал өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, нөгөөдрөөс өөр нэг нам гараад ирнэ.
-Та МАХН-ыг хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй гэж яагаад бодож байна вэ. Энэ нь дотроосоо задарч эхэлсэнтэй холбоотой юу?
-МАХН-ыг эрх мэдлийн төлөө байгуулсан. Харин сөрөг хүчний хувьд эрх мэдэл гэдэг зүйл байдаггүй. Түүнээс гадна Монголын улстөрчдөд нэг том дутагдал байдаг. Намын толгойг нь байгуулчихаад гар, хөл, биеийг нь толгойд нь тохируулах гэж зүтгээд эхэлдэг. Гэтэл уг нь намыг нийгмийн тодорхой нэг давхрага, хэсэг бүлгийг төлөөлж байгуулдаг. Тухайн намын цаана малчин, тариачин, бизнес эрхлэгчид байх эсэх нь хамаагүй. Гол нь тодорхой нэг бүлгийн сонирхлыг төлөөлж улс төр рүү орсон байх ёстой. МАХН-ын гол алдаа нь энд л байна. Уг нь МАХН эхэндээ олон хүний дэмжлэгийн авч байсан. Гэвч сүүлдээ гар, хөл нь удирдлагатайгаа зөрчилдөж эхэлснээс болж бутарч байх шиг байна.
-МАХН-аас гарсан С.Молор-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс шинэ нам байгуулж эхэлсэн. Энэ нь хэр оновчтой алхам бэ?
-Тэд улс төрийн тодорхой мэдлэгтэй хүмүүс учир өөрсдийнхөө хийж буй зүйлийг сайн мэдэж байгаа байх. Монголд хүчтэй сөрөг хүчин маш их үгүйлэгдэж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн. Тиймээс энэ бол тэр орон зай руу орох гэсэн оролдлого. Ардын нам, Ардчилсан нам хоёр олон жил засгийн эрхийг барилаа. Гэхдээ судалгаанаас харахад аль, аль нь ард иргэдийн төлөөлөл гэсэн утгаа алдаж эхэлжээ. Тиймээс эрх баригч хоёр намын хувьд энэ байдлаа засч, өөрчилж чадахгүй бол улс төрийн шинэ хүчин бий болох зам нээлттэй хэвээр байна. Харин шинэ нам тэр орон зайг нөхөж чадах уу, үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Гэхдээ сүүлийн үед залуучууд улс төрийг сонирхох нь ихэссэн учир байг гэх газаргүй.
-Иргэний зориг, Ногоон нам хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй гэж та хэллээ. Тэд юун дээр алдсан бэ?
-Яах вэ, жижиг намын хувьд амжилттай ажилласан гэж хэлж болно. Гэхдээ нийгмийн хүчийг төлөөлж, олон нийтийг хамруулж чадаагүй. Иргэний зоригийг сэхээтнүүдийн нам гэж хэлж болно. Гэхдээ сүүлдээ сэхээтнүүдийнхээ ч дэмжлэгийг авч чадахаа больсон. Харин түүнтэй харьцуулахад Ногоон нам олон нийтийг төлөөлж чадна. Гэхдээ нөхцөл бололцоогоо ашиглаж чадахгүй байна. Ерөнхийдөө зарчмын хувьд том өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин