Олны танил нэгэн бүсгүйтэй хамт УДЭТ-ын дэргэдэх МВ төвд хэсэг саатсан их аварга сэтгэл нь хөөрч, догдлохдоо өнөөх бүсгүйдээ Louis Vuitton-гээс бэлэг сонгох “эрх олгож.” LV-гийн ажилтнууд ч их аваргын дуунаар каталогио барьсаар түүний байгаа газарт ирж, үзүүлсэн байна. Харин болзоот хосууд дэлгүүрт очиж, өөрсдөө үзэхээр шийдсэнээр нийслэлийн төв талбайн хажууханд орших “Central Tower”-ын нэг давхарт олны нүдийг хужирлан байдаг LV брэндийн дэлгүүрийг зорьжээ. Дэлгүүрийн эрхмүүд ч Аса аваргыг оргилуун дарс хундагалсаар VIP өрөөндөө хүндэтгэлтэйгээр угтсан гэнэ. Харин аваргын “хишиг хүртэхээр” дэлгүүрт ирсэн бүсгүйн сонгосон бараа 15 сая төгрөг болж, Асашёорюү аварга төлбөр хийхээр картаа өгтөл дансан дахь үлдэгдэл нь хүрэлцсэнгүйд худалдагч ч учир байдлаа хэлсэн байна. Гэтэл их аварга “Би банкны эзэн хүн. Үндэсний хөрөнгө оруулалтын банк хуу ярьж, наад төлбөрөө ав” гэжээ. Харин банк руу холбогдоход “Бид энэ асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн гэнэ. Гэтэл их аварга уурлаж, барьж байсан оргилуун дарстай хундагаа авч чулуудан, улмаар өрөөн доторх ширээ, буйдан зэргийг авч шидэж, дэлгүүрийг ёстой л “будаа болгожээ”. Хачирхалтай нь, өнөөх бүсгүй сонгосон бараагаа авах гэж гүрийж, тэвэрчихээд тавихгүй байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Хэрэг явдал үүгээр дуусаагүй, дэлгүүр дотор болсон энэ процесс хяналтын камераар дамжин Францын нийслэл Парис хот дахь LV-гийн төв оффист хүргэгдсэн нь хамгийн ихээр гай дагуулж болох юм. Учир нь аваргын эвдэж, хэмхэлсэн эд барааны хохирол биш, дэлхийн хэмжээний брэндийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар хэдэн сая ам.долларын торгууль хүлээж болзошгүй тухай Zindaa.mn сайт мэдээлжээ.