Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг сахина гэдэг амар ажил биш, бас хөрөнгө мөнгө ч их зарцуулна. Харин АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийнхнийг хамгаалах зардал өмнөх төрийн тэргүүнээс хавьгүй илүү байгаа гэнэ.
Экс ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн найман жилийн хугацаанд нийт 97 сая ам.долларыг аяллын зардалд зарцуулжээ. Харин 45 дахь ерөнхийлөгч Трампын үед татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээдийг түүний аюулгүй байдал, аяллын зардалд зарцуулах төлөвтэй байгаа гэнэ.
Албан ажлаа хүлээж авснаас хойшхи эхний нэг сард Дональд Трамп амралтын өдрүүдээр гурван ч удаа албан болон амины хэргээр Флорида дахь Мар-а-Лаго хувийн эдлэндээ очжээ. Нааш цааш явсан энэ аялалд нийт 10 сая орчим ам.доллар зарцуулсан гэх тооцоо байна. Үүнд, АНУ-ын эргийн хамгаалалтын эргүүлийн завинууд, Палм Бичийн захиргаанаас ложистикийн тусламж авсан зардал бас багтаж буй. Энэ маягаар үргэлжилбэл өмнөх ерөнхийлөгчийн бүтэн найман жилийн зардалтай тэнцэх хэмжээний мөнгийг одоогийн тэргүүний үед ердөө ганцхан жилд зарцуулах бололтой.
Зөвхөн ерөнхийлөгчөөс гадна Нью-Йоркт амьдарч буй тэргүүн хатагтай Меланья Трамп болон тэдний хүү Бэррон нарын хамгаалалтын зардалд өдөрт 500 мянган ам.доллар зориулж байгаа гэж Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Жилээр нь тооцвол 183 сая ам.доллар.
Мөн Трампын бизнесийг залгуулж яваа түүний том хөвгүүд болох Дональд Жуниор, Эрик нар гадагш, дотогш бизнес аялал хийх үед нь төрийн албаны хамгаалалтынхан ажилладаг. Тухайлбал, Эрик Трамп Уругвайд очиж ажиллах үеэр зочид буудлын төлбөр л гэхэд 100 мянган ам.доллар болсон гэнэ.
Ерөнхийлөгч Трамп Нью-Йорк руу буцах үед Пентагон бас Trump Tower-т талбай түрээслэх шаардлагатай болно. Тэнгэр баганадсан тэрхүү шилэн барилгын нэг давхрын түрээсийн төлбөр 1,5 сая ам.доллараар хэмжигдэх гэнэ.
С.ЦЭЛМЭГ
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER