Хятадын баг Рүүнид сая фунтын цалин амлав

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Хятадын баг Рүүнид сая фунтын цалин амлав

Уейн Рүүни ирэх долоо хоногт “Манчестер Юнайтед”-аас явж магадгүй гэнэ. “Олд Траффорд”-ын босс Жозе Моуриньо Хятадын хөлбөмбөгийн лигийн солилцооны цонх хаагдахаас өмнө түүнийг багаа сольж магадгүй талаар ам нээжээ.

“Юнайтед”-ын мэргэн бууч Рүүнид Хятадын багаас долоо хоногийн нэг сая фунт стерлингийн цалин амласан. Одоогоор Рүүни ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа ч нэгэнт “Юнайтед” дахь байр суурь нь доошилсон түүнийг багаа орхино гэж хөлбөмбөгийн экспертүүд таамаглаж байна.

Рүүни ирэх улирал дуустал Манчестерт байх эсэх тухай асуухад Моуриньо “Рүүнигээс өөрөөс нь асуу. Ирэх долоо хоногт өөрөө энд байх эсэхээ баттай хэлж мэдэхгүй байхад ирэх улиралд өөр тоглогч хаана байхыг яаж мэдэх билээ. Миний баттай мэдэж байгаа зүйл бол Рүүни нэг л өдөр Манчестераас явна. Энэ нь би түүнийг яваасай гэж хүсч байгаа хэрэг биш” гэж хариулжээ.

Рүүни “Манчестер Юнайтед”-ын сүүлийн есөн тоглолтод ердөө нэг л удаа гараанд гарсан юм. Тэрбээр одоо багаасаа долоо хоногийн 250 мянган фунтын цалин авдаг бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа дуусахад 18 сар дутуу байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж