Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос уяачдад шагнал гардуулах санал гаргасан байна. Энэ саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулсан юм.
Монгол Улсын Тод манлай уяач цолоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул О.Батбилэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Т.Гантөмөр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Отгоннасан нарыг шагналаа.
Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраа, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах, Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Ц.Гантөмөр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар нарыг шагнав.
Монгол Улсын Алдарт уяач цолыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уугуул Б.Баасанбазар, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Г.Баярцогт, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Г.Буянтогтох, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригт, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очир, Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбат, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Увс аймгийн Тэс сумын уугуул Ю.Төгсжаргал, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Хэрлэн нар хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Т.НОМИН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД